munhtuya.PhD
2014-11-17
дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч Б.Мөнхтуяа(Ph.D) Munhtuya_ba65@yahoo.com (99339277) Дүрслэлт чимэг тодотголыг танихуйн хэл шинжлэлийн үүднээс авч үзвэл Танин мэдэхүйн хэл шинжлэл гэж юу вэ? Энэ шинжлэх ухаан бол хэлийг хүний танин мэдэхүйн үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн үзэж, хүн ба соёлын харилцааны мөн чанарыг судлан нээхийг зорилгоо болгодог байна Бидний уран зохиолын найруулгын арга, дүрслэх ур маяг, дүрслэлт чимэг тодотгол гэж нэрлэж заншсан чимэг үг, төлөөлөл, хүншүүлэл, хитрүүлэл, зүйрлэл, адилтгал зэрэг нь танихуйн хэл шинжлэлийн онолоор “шууд бус нэрлэлт буюу метафор” юм. “Орчин үеийн когнитив хэлшинжлэл метафорыг дүрийг тодотгогч, хэл яриаг чимэглэгч утга тонгоргосон хэллэг бус харин сэтгэхүйн хэлбэр гэж үздэг”. бөгөөд Ж.Лакоф, М.Жонсон нар метафорын тогтолцоо нь когнитив механизм мөн, “Хүний сэтгэхүйн явц нь олонх тохиолдолд метафорлаг.” хэмээсэн байдаг. Түүнчлэн, ”Метафор бидний өдөр тутмын амьдралд нэвтрэн орж зөвхөн хэлэнд бус бидний оюун санаа, үйл хөдлөлд биелэлээ олдог. Метафор хэрэглэх болсон нь хүний сэтгэхүйн гайхамшигт ялалт юм.” , “Бодол санаа өөрөө метафорлаг ба хэлэн дэх метафорын эх үүсвэр болдог.” Иймэрхүү маягийн хийсвэр ухагдахуун болон тодорхой юмс үзэгдлээс тогтсон бодит ухагдахуун хоёрын дунд бүрэлдэн тогтсон тогтвортой, харилцан хамаарал бүхий харилцааг “Метафор” гээд, цаашлаад энэ нь хэдийгээр зүйрлэлийн шинжтэй боловч, утга зохиолын ойлголтод багтдаг чимэг төдий зүйл биш, харин ч өдөр тутмын амьдралд тохиолдож, хэрэглэж байдаг хүний танин мэдэхүйн чадварын нэг юм гэж дүгнэжээ. Иймээс, дүрслэлт чимэг тодотголыг танихуйн хэл шинжлэлийн үүднээс авч үзвэл, түүний утга соёл, үүрэг хэрэглээ илүү тодорхой харагдана. Үүнд: Нэг: Танин мэдэхүйн талаасаа баян тансаг байгаль хийгээд үзэсгэлэн төгс нутаг орны дүрслэлт чимэг тодотгол монгол уран сайхны эхийн найруулгад түгээмэл байдгаас зарим нэгийг жишээлье. Дүрслэлт чимэг тодотголын утга, соёл, хэрэглээ: ...Униар зэрэглээ нь хүртэл хуурын эгшигтэй энэ халиун хонгор говь... (Б.Догмид) Дүрслэн буулгалт: “Униар зэрэглээ нь хүртэл хуурын эгшигтэй” чимэг тодотгол өгүүлбэр Эх сурвалжийн хүрээ: “Хуур-хуурын эгшиг” Хуурын чихний дээд талд морины толгойг сийлэн гаргаж, чавхдас, нумны хөвчийг морины сүүлний хялгасаар хийсэн монгол үндэстний нэг зүйл хөгжмийн зэмсэг Зорилгын хүрээ: • Эх нутгийнхаа байгалийн сайхан, өвөрмөц онцлогийг дүрслэн тодотгосон. • Өгүүлэгчийн эерэг үнэлэмжийн эрхэмлэн дээдлэх өнгө аясыг илтгэсэн. • Уудам дэлгэр нутагтай монголчуудын амьдралын тэнүүн чөлөөт хэвшил, санаа сэтгэлийн уужим амгалан байдлыг илэрхийлсэн. Дүрслэлт чимэг тодотголын утга, соёл, хэрэглээ: ...Хүрэн жинст уул минь ёстой л, эр хүн шиг уул юм даа. Танд омгорхол, ихэрхэл, нулимст цэцэн уярал, инээмсэглэл бүгд байнам. (Д.Нямаа) Дүрслэн буулгалт: “эр хүн шиг”- зүйрлэлт чимэг тодотгол нийлэмж үг ...Ижий болсон цэнхэр нуураа Эргэж гурвантаа ганганах ч байсан юм бил үү ... (Б.Лхагвасүрэн) Дүрслэн буулгалт: “ижий болсон” зүйрлэлт чимэг тодотгол нийлэмж үг Эх сурвалжийн хүрээ: • “Эр хүн”,”монгол эр хүний мөн чанар” • “Эх, ээж”, “эхийн сайхан сэтгэл, элбэрэл хайр” Зорилгын хүрээ: • Эх нутгийнхаа байгалийн сайхан, өвөрмөц онцлогийг дүрслэн тодотгосон. • Өгүүлэгчийн эерэг үнэлэмжийн эрхэмлэн дээдлэх өнгө аясыг илтгэсэн • “Уул ус, нутаг орон минь өвөг дээдэс, эцэг эхийн хайр энэрлийг үзүүлдэг” хэмээх үндэстний сэтгэлгээний онцлогийг тусгасан. Дүрслэлт чимэг тодотголын утга, соёл, хэрэглээ: ... Намайг элээгээд үлдэх тэнгэрийн заяат нутаг Насны хайраа дээжилсэн Монголын сайхан өргөө (Ш.Сүрэнжав) Дүрслэн буулгалт: “тэнгэрийн заяат” чимэг тодотгол нийлэмж үг Эх сурвалжийн хүрээ: “тэнгэр-огторгуй” Газрын дээд талд буй бидний нүднээ үзэгдэх агаар мандал Зорилгын хүрээ: • Эх нутгийнхаа байгалийн сайхан, өвөрмөц онцлогийг дүрслэн тодотгосон. • Өгүүлэгчийн эерэг үнэлэмжийн эрхэмлэн дээдлэх өнгө аясыг илтгэсэн • “Байгаль ертөнц, эх нутгаа анхдагчийн хэмжээнд өргөмжлөн, тэнгэрчлэн шүтэх” үндэстний сэтгэлгээний онцлогийг тусгасан. Хоёр: Монгол уран сайхны эхийн найруулгад аль нэг тодорхой хүн ба юм үзэгдэл, тэдгээрийн мөн чанар, байдал шинжийн хураангуй ба дэлгэрэнгүй олон янз чимэг тодотгол элбэг. Тухайлбал, Дүрслэлт чимэг тодотголын утга, соёл, хэрэглээ: Нүдний үзүүрт зэргэлсэн Шаргын уудам говьд Хайрын булаг боргилсон Хайртай ээж минь суудаг юм аа. (М.Цэдэндорж) Дүрслэн буулгалт: “хайрын булаг боргилсон” чимэг тодотгол өгүүлбэр Эх сурвалжийн хүрээ: “булаг-эх булаг” Газар доороос оргилон гарах ус Дүрслэлт чимэг тодотголын утга, соёл, хэрэглээ: Хүлэг морины дөрөөнд Хүргэж өгсөн аав ... (Д.Гаравсүрэн) Дүрслэн буулгалт: “хүлэг морины дөрөөнд хүргэж өгсөн” чимэг тодотгол өгүүлбэр Эх сурвалжийн хүрээ: “дөрөө” Эмээл, тохшинд зүүж гишгэн мордох, төмөр зэргээр хийсэн хэрэглэл Зорилгын хүрээ: • Эцэг, эхийн хайр энэрэл, ачлал элбэрлийг дүрслэн тодотгосон. • Өгүүлэгчийн эерэг үнэлэмжийн эрхэмлэн дээдлэх өнгө аясыг илтгэсэн • “Эцэг, эхийн ачлахуйн олон зүйл үйл, дундрашгүй их элбэрэл хайрыг хүндэтгэх үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг тусгасан. Дүрслэлт чимэг тодотголын утга, соёл, хэрэглээ: “...Дунжаагийн сэтгэлийг дэвтээж, орчлонг уужим болгодог гэрэлт нар болсон хүү нь алив гай түйтгэрт өртөлгүй арван нас хүрчээ. Эх хүү хоёр бие биеэ энхрийлэн хайрлах нь туйлгүй...” (Д.Намсрай) ...Аавдаа алт болсон Ээждээ сувд болсон Энхрий булбарай бие нь Эсэн мэндээр хүмүүжиг (Ц.Дамдинсүрэн) хэмээн үр хүүхдийнхээ хайр булаам, энхрий булбарай дүр байдлыг дүрслэн илэрхийлсэн чимэг тодотгол монгол уран сайхны эхийн найруулгад олонтоо тохиолддог бөгөөд метафорын талаас задлал хийж, утга, үүрэг, хэрэглээг тодруулбал, Дүрслэн буулгалт нь: “нар болсон”, “алт болсон”, “сувд болсон”-зүйрлэлт чимэг тодотгол нийлэмж үг Эх сурвалжийн хүрээ нь: • нар - дэлхий ба бусад гаригуудыг тойрон эргэх, гэрэл сацрах од • алт-шар өнгөтэй төмөрлөг эрдэнийн зүйл. • сувд-үнэт чимэглэлийн зүйлд тооцогдоно. Зорилгын хүрээ нь: • “Үр хүүхэд бол хамгаас үнэ цэнтэй, эрхэм нандин бөгөөд амьдралын баяр баясал, гэрэл гэгээ гэдгийг дүрслэн тодотгосон. • Өгүүлэгчийн эерэг үнэлэмжийн өхөөрдөн энхрийлэх өнгө аясыг илтгэсэн. • Үр хүүхдээ энэрэн хайрлах соёл, сэтгэлгээний онцлогийг тусгасан байх жишээтэй. Гурав. Монгол урансайхны эхийн найруулгад дүрслэлт чимэг тодотголоор дамжин өгүүлэгчийн сөрөг үнэлэмжийн олон өнгө аяс илэрдгийг дараах жишээгээр тодруулъя. Дүрслэлт чимэг тодотголын утга, соёл, хэрэглээ: ...Эцсэн шар хөллөсөн тэрэгний дугуй шиг Энхэн донхон дайвалзан, залхуутай эргэх Эгэл жир, гунигт бор өдрүүд (Д.Урианхай) Дүрслэн буулгалт: ”Эцсэн шар хөллөсөн тэрэгний дугуй шиг...” зүйрлэлт чимэг тодотгол нийлмэл өгүүлбэр, “бор” чимэг тодотгол Эх сурвалжийн хүрээ: “шар үхэр”- агталсан эр үхэр,” тэрэгний дугуй”-тэрэгний хүрд “бор өнгөний бэлгэдэл утга”-ядуу зүдүү, шар нар бор хоногийг өнгөрүүлэх Зорилгын хүрээ: • Нийгэм цаг үе, аж амьдралын уруу дорой байдлыг дүрслэн тодотгосон. • Амьдралын мөн чанарыг таньж мэдээд, гунигтай, шаналантай байдлаас үүдсэн өгүүлэгчийн сөрөг үнэлэмжийн чамлан голсон өнгө аясыг илтгэсэн. • Дүрслэлт чимэг тодотгол нь өгүүлэгчийн ертөнцийг ойлгохуйн нэгэн өвөрмөц хийсвэрлэл, малчин ахуй соёл, сэтгэлгээний онцлогийн илэрхийлэл юм. Дүрслэлт чимэг тодотголын утга, соёл, хэрэглээ: ...Надаас авах юм гэж юү байхав. Адайр зан, адсага шиг хөх царай, хавчиг хар толгой. (Ц.Чимиддорж) Эх сурвалжийн хүрээ: “адсага”- туранхилан үхсэн үхэр, адууны шир Над шиг ийм тураалдаа хүрсэн адуу шиг эр ч дээ ихсийн хүрээлэн дотор орж яваад сэтгэл зоригийн тэнхээгүй болохоороо хэнд ч хэрэгтэй үйлийг бүтээж чадахгүй бололтой. (Ж.Лхагва) Эх сурвалжийн хүрээ: “тураал”- “турахын туйл” Хөдөөлсөн бух шиг муйхар хар юмнаас чимээ өгчихдөг золбин нохой айлд арай илүү тустай гэж бодно. (Ц.Чимиддорж) Эх сурвалжийн хүрээ: “хөдөөлсөн бух”- “зарим амьтны орших газраас өөр газар шилжин орших”-“зөрүүд гөжүүд зан гаргах” Дээрх жишээнд “адсага шиг”, ”тураалдаа хүрсэн адуу шиг”, ”хөдөөлсөн бух шиг” гэсэн зүйрлэлт чимэг тодотгол(дүрслэн буулгалт)-оор сөрөг үнэлэмжийн чамлан голсон өнгө аясыг илтгэсэн зэрэг нь монгол ахуй, мал аж ахуйн гарвалтай зөвхөн манай үндэстний ертөнцийг хэмжиж буйн үр дүн, гоозүйн жишиг хэмжүүр гэж үзэж болно. Дүгнэлт “Дүрслэлт чимэг тодотгол нь уг дүрслэгдэхүүнээ чимэглэх, дүрийг тодотгох үүргээр ордог төдийгүй өгүүлэгчийн санаа зорилгоос үүдэлтэй байгаль ертөнц, хүн ба үзэгдэл, юмсад өгөх үнэлэмж утга, ертөнцийг танин мэдэх, тайлбарлах үндэстний соёл сэтгэлгээний онцлог зэргийг илэрхийлсэн “хэлний нэгж” гэж тодорхойлж болох юм. Conclusion Descriptive epithet with identification is defined as a language unit that is not only used for describing things and modifying characters but it also recognizes evaluation and meanings to the nature, people, animals and phenomena, and expresses nation’s mental features according to the narrator’s ideas and aims. Номзүй 1. Артюнова.Н.Д, Языковая метафорагуниглахСинтаксис и лексика), Лингвистика и поэтика, М.,1979 2. Арутюнова Н.Д., Метафора и дискурс,М.,1990. 3. Баянсан.Ж, Соёл, хэл, үндэсний сэтгэлгээ, Уб., 2002 4. Баранов.А.Н, Караулов.Ю.Н, Русская политических метафора,Материалы к словарю, М.,1991 5. Гаадан.Х, Зохист аялгууны толин дахь адилтгал зүйрлэл,Уб.,1986 6. Дулам.С, Хасбаатар.Ц., Уранзохиолын онолын үүд, Уб.,1980 7. Дулам.С,Монгол бэлгэдэлзүй II,Уб.,2010 8. Зэгиймаа.Ч., Прагматик хэлшинжлэл,Уб.,2010 9. Лакофф.Дж, Джонсон.М, Метафоры которыми мы живем,//Теория метафоры, М.,1990 10. Пүрэв-Очир.Б, Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ, Уб., 2011 11. Пүрэвжанцан.А.,Үгийн утга шилжих тухайд, МУИС,МХСС, Монгол судлал, Эрдэм шинжилгээний бичиг, Уб.,1999 12. Ричардс А., Филисофия риторики, Теория метафоры,Прогресс,М.,1990. 13. Төмөрхуяг Б.,Улс төрийн дискурс дэх метафорыг когнитив хэлшинжлэлийн үүднээс судалсан нь,Уб.,2011 14. Цэвэл.Я.,Монгол хэлний товч тайлбар толь,Уб.,1966 15. Ууганбаяр.М, Метоним, метафор хэмээх ойлголт ба эхийг унших ерөнхий загварын нэгэн жишээ, МУИС, МХСС, Монгол судлал,Эрдэм шинжилгээний бичиг,Уб., 2007 16. Энхбаяр.С, Утгазохиолын онол, Уб., 2011

Comments

Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 10 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax