munhtuya.PhD
2015-01-28
өгүүлбэр судлал 2 (бие даалт)
1.Архангай аймгийн угсаатны зүйн музейд Зая гэгээний зандан тамга байдаг. 2.Энэ нь аймгийн төдийгүй манай улсын ховор чухал үзмэрүүдийн нэг юм. 3.Зая гэгээний зандан тамга долоон түлхүүртэй. 4.Нэг түлхүүр нь нэг л хүнд явдаг байжээ. 5.Төрийн долоон хүн цуглан,юунд хэрэгтэй болсныг ярилцаж,сая тэрхүү тамгыг онгойлгодог байж. 6.Дуу бүхэн өөрийн түүхтэй. 7.Эзэнтэй дуу бүхэн хэн нэг хүний амьдрал,хувь зохиолтой холбоотой байдаг. 8.Жинжий Бадам гэдэг дуу ч эзэнтэй дуу. 9.Бас Жинжий Бадам өнөөг хүртэл бидэнтэй амьдарч явж. 10.Сэлэнгэ мөрөн үертэй байхад Дэнзэн рүү яарч давхисан хүн заавал нэг учиртай байдгийг усч өвгөн юу андах билээ. Д.Мягмар 11.Усан дотор амьтан үзэгдсэнгүйд Дэнзэн өвгөн гайхан зогсож байтал ард нь хүн хашхирах дуу сонстов.Д.Мягмар 12.Бид хоёр гутлаа тайлж, хотны зах руу чулуудаад,ум хумгүй гүйсэнд тэд араас тачигнатал хөхрөлдөх нь сонстов.Д.Мягмар 13.Хөх монголын нүүдэл Хөсөг тэргээ орхихгүй. Буурлын сургаалаас холдохгүй Буянт малаасаа хөндийрөхгүй. Д. Нямсүрэн 14.Гэрэлмаагийн цэнхэр дурдан алчуур,ханцуй нь сэмэрсэн ногоон тэрлэгийн мөр малын хөлийн тоосонд дарагдан бууралтжээ. С. Пүрэв 15. Өвөл ,зун,хавар,намаргүй Уудам тал , хангай говьгүй Тийм нутагт сэтгэл минь тогтохгүй Тэгээд ч би амьдарч чадахгүй Б. Явуухулан 16.Багш ламын зун суух жижиг модон байшингийн үүд нь дотроосоо түгжээтэй бөгөөд онгорхой цонхоор нь бурхны өмнөх зүйл сүүмэлзэвч байшин дотор бий эсэх нь мэдэгдэхгүй. Л. Бадарч 17.Ийнхүү үнээ мал мөөрөн майлах ,талын чогчиго исгэрэн шогшрох нь малч удмынхны тойглох, өөвлөх дуун нь эгшгийг нэмэн чимэглэжээ. З. Баттулга 18.Шадар дэргэдийн лам нар ганц дургүй хүн нь далд орлоо гэж битүүгээр тавлаж байхад, харц гаралтай , хатанд нь халуун элэгтэй,сүүн цагаан сэтгэлтэй ардууд, хайртан,түүний баруун гар нь бор өргөөндөө хив хадгаар боолттой буцаж ирснийг сонсоод өгөөмөр уран баруун гар нь үеийн үед ар газар уран хүн тасрахгүй өргөн түмний хайр хүлээсэн түүнийхээ дурсгалд хорин нэгэн Дарь эх бүтээнэ гэж зорив. Б. Ринчен 19.Хүнийг бялуугаар алсан , мэсээр алсан хоёр онц ялгаа үгүй буюу. МЭНЗ 20.Хүн ёсыг бадруулж чадна, ёсон хүнийг бадруулах нь бус. КУНЗ 21. Жижүүрийн утасны хонх жингэнэх нь чив чимээгүй тасалгаанд дув дуугүй суугаад байгаа Хөхдэй, Хишигт хоёрыг давхийтал цочоолоо. П. Хорлоо 22.Би орсон буурын тухай томчуулын хэлэлцэхийг сонсож , бид дөрвийн айл болон амьдарч, аж төрөн суугаа энэ газар нутаг дээр орсон буур хэмээх хүчирхэг,сайхан амьтан байгааг мэдэж билээ. Д. Маам 23.”Нас чинь эрийн цээнд хүрсэн төдийгүй нэр алдар чинь олонд тодорчээ’’ гэж Жамъян гүний хэлэхэд Сүх Жа гээд янжуурыг авч асаав. Д. Намдаг 24.Гэсэр ,Жангар, Нууц товчоо гэсэн гурван зохиолын хооронд тодорхой бус ч ямар нэг бүлэг холбоо хэлхээ байгаагаас судлаач ийм дүгнэлт хийжээ. Эрдэм шинжилгээний найруулгаас 25.Тэр хоёр, заасан зүгт нь хурдлан явах зуураа өнөөх хүүхний морь, уургалахыг сонирхон харжээ. (Ш. Гаадамба) 26. Түүний эхнэр Норовыг би үзээгүй, танихгүй боловч намайг хүрээд очвол өөрийнхөө нэхсэн бээлий, оймсыг надад үзүүлэх байх. (Ц.Дамдинсүрэн) 27.Хилийн дээс гэдэг бол хэн хүний санааны зоргоор хөдөлгөж болдоггүй эд юм гэдгийг хоёр тал сайн ойлгоно. ( А. Шартолгой) 28.Долгорын зовлонг сонсож, Эрдэнийн хүлээсэн гэнэн сайхан сэтгэлийг нь ойлгох бүр эр хүний тухай Цэцэгийн бодол батажна. (Ч.Лодойдамба) 29.Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж Монгол улсын шинэ үндсэн хуульд заажээ. (Шинэ үндсэн хууль ) 30.Торомгор хөөрхөн хоёр ботго Тоглож нэгийгээ хөөж явах шиг Тоорцог өмссөн хоёр хүүхэн Тойрон бүжиг хийж байх шиг Үзэсгэлэнт хоёр вансамбэрүү Үүд хоймрын зайтай ургажээ. (Б.Явуухулан) 31.Уг газрын байдал хангай говийн зааг, нам дор газар бөгөөд гурван хэсэг огцом оргилтой Дулаан хайрхан хэмээх уул өмнөх Тарагтын тал гэгчийг ширтэх мэт баарагнан сүндэрлэнэ. (Д.Намдаг) 32. Хоньд бэлчээрийн хязгаарт хүрч тогтоход хоньчин хүү чулуугаар гэр барьж эхэлсэн бөгөөд тэрээр эхлээд өөрийнх, дараагаар нь өвөөгийнх, эцэст нь ахынх гэсэн гурван гэрийн буурийг энгийн сайхан чулуугаар өрөв. (Ч.Лодойдамба) 33. МУИС-ийн төв байрын зүүн жигүүрийн 126 дугаар танхимд ширвээ хар сахалтай, намхавтар бор хүн орж ирэн, хэл бичиг, уран зохиолын П ангийн оюутнуудтай мэндэлсэн нь Монголын эртний уран зохиолын багш, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн байжээ. (Д.Дашдорж) 34.Ангир дуугарахад Нуур амарлаа!гэж баярлана. Агь нүдлэхэд Тал амарлаа!гэж баярлана. (Б.Лхагвасүрэн) 35. Ардын хүүгийн зориг хурц Адуун сүргийн зориг хурц Эр хүний намтар элбэг Эмээлт морины домог баялаг (Ч.Лхамсүрэн) 36.Түүний явахад хонх дуугарч,зогсоход нь хонх дуугархаа больж байгаа нь хонхны дуу лав ирж яваа баавгайтай холбоотой болох нь тодорхой болов. /Ч.Лодойдамба/ 37.Миний бухыг сайн бух гэдгийг та нар мэдэх бөгөөд харин багийн дарга байсан Дондогийн хүү Хайдав учир зүггүй загнасан юм./Ц.Дамдинсүрэн / 38.Эртний домогт буурал талд Эргэн тойрон чимээ алдаж Оддын дунд ижлээ үзсэн юм шиг Шөнийн талд адуу янцгаана /Д.Нямаа / 39.Хур ихтэй жил бага нормоор эсвэл хожуухан таривал хог ургамал ихсэх,болц оройтох гэм байдаг. /Сониноос/ 40.Худгийн дотор шурган хэвтэх алаг мэлхийн санаа хурмаст огторгуйн дээр нисэх галууны маханд дурламуй./Гүнначүг/ 41. Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт Үнэр чинь есөн намрын сүмэн өвс мэт Үнсний хар эгнэгт бэхийн харыг даваад Үнэн улаан түүний уруулын улааныг яахин гүйцмүй /Гуларанс / 42 .Үзэсгэлэнт царай нь дугараг бөгөөд мэлмийн сормуус урт Үс нь харавтар бөгөөд шүдэн эрхэс цагаан,үзэсгэлэнтэй хийгээд Үзтэл хөх шовх,бэлхүүс цэх,шагай намхан Өгүүлэх охин тэнгэрийн лагшин энэ нь гайхамшигтай /Агваангэндэн,Утгын гучинл таван чимгээс/ 43. Баяслаг хүлтийн элч-Хөхөөн яруу дуунд Баясаж шимийг баригч-залуу модон нохилно Балт цэцгэнд согтогч-зөгийн цэнгэл наадамд Балчгийн уснаас төрөгч-лянхуа шимээ хүртээнэ /Жамъянгахав/ 44. Хотлын гээсэн ертөнц зоогоо үл амраана Хорвоог төөлсөн амьдрал жамаа эс даган Хоёргүй хайрын сэтгэл насны энг элээнэ Хосгүй нэрийн сайхан сороо үл хугална /З.Баттулга/ 45. Тэгээд Дэнзэн өвгөн энэ шөнө гэрээсээ байн байн гарч, сарны туяанд цэлийн цайсан үерийн усыг ширтэн ,орж гарсаар цурам хийлгүй үүр цайлгажээ. /Д.Мягмар / 46. Бороо ганц нэг дусах нь сайхан Борог өвс норсон байх нь сайхан Хаврын цас гэр лүү урсах нь сайхан Хаа нэгтээ шувууд ганганах сайхан / Д. Нямсүрэн / 47.Ханат цагаан гэрийн Од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы Омог дөрвөн тотгон дээр Хан Алтай-аавын Онгон тэргүүн оргил дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглаж бичнэ би /Д.Пүрэвдорж/ 48. Өнгөрсөн зуунд Оросын жуулчид монгол нутгаас,эртний түүхт Орхон голын сав газраас үл мэдэх бичигтэй хөшөө дурсгал олж гайхан алмайрчээ. /Л.Түдэв / 49. Өөрөөсөө дүү насны хүүхэд болон эсвэл өндөр настай өвгөд эмгэдээс асууж, хоёр хоног гүйсний эцэст Намсрай арай гэж Сүхбаатарын гэрийг олов. Д.Намдаг 50. Уяа тойрон гийнгоолох хүүхдүүдийн дуу чихэнд төдийгүй зүрхэнд хадаад, Хэрлэнгийн энэ хөндийд ялгуун сайхан мориор давхиж нэг үзвэл нас залуужих мэт санагдав. С.Эрдэнэ 51. Салхи болгонд вансэмбэрүү цэцэг ишээн бөхийлгөдөггүй шиг бодол болгонд хүн, толгойгоо гудайлгадаггүй. Д.Маам 52. Гүнжийн сэтгэл элий балай мэт болж, элдэв шалдав эрт дээр өнгөрсөн юм санаанд ор орсоор, насан залуу, гэнэн цайлган үес, дөрвөн бичиг, таван номын үсэг утгыг авга багшаар заалгаж, бичгийн сурлагаар бусад олон гүнжийг огт дагуулдаггүй байв. Б.Ренчин 53. Төр төмөр нүүртэй гэж Монголчуудын хэлдэг нь үнэн үг бөгөөд төрийн ёс, хүний ёс хоёр хоорондоо нийлдэггүй, үхрийн эвэр мэт хоёр тийшээ чиглэсэн байдаг. Б.Ренчин 57. Амьдарч яваа өдрүүдийн минь цорын ганц чимэг Аялж яваа дууны минь ер бусын эгшиг Үл мэдэгхэн сэвхтэй, уянгалаг сайхан Анимаа Үдшийн зүүд эзэгнэж, үүрийн нойр хулжаана. О. Дашбалбар 58. Би ёл шувууны хойноос өдөржин шөнөжин хөөцөлдөж, ядарсны улмаас амархан нойрмоглож эхэлсэн бөгөөд “ Маргааш эрт босно” гэж нөхдийнхөө шивнэн хүүрнэлдэхийг аль холын анир чимээ мэт бүдэг бадаг сонсоод, унтчихсан байв. Д. Цэвэгмид 59. Тамирын хойд энгэрээр баруунаа зурайх гол дардан зам бол алдарт Эгийн давааг даван одох бөгөөд Тамирын гүүрээр гараад Эгийн давааны хормой хүртэл тэр замаар явсан хүн аргагүй нэгийг бодож, нөгөөг үзнэ. С.Эрдэнэ 60. Эрдэмтэй номтой, эрх их мяндагтай төвд монгол том лам нарын нүдний булангаар хялайн үздэг, одоо бор өргөөнд хив хадгаар ороосон, ганц баруун гарын төдий л үлдсэн, эгэл тонгол эмэгтэй нэгэн түүний дүрийг ингэж бурхан тэнгэрийн дүр болгон бүтээсэн юм. Б. Ринчен 61.Би сумын хүн биш, удахгүй явна гэж Солонгын хэлэхэд клубийн дарга эхлээд үнэмшихгүй мэт гайхан байснаа дараа нь урам нь хугарч, толгойгоо маажив. ( Ч.Лодойдамба) 62.Удалгүй биднийг харганатын голын бургас руу ороход улиас модны шуугих дуу, элдэв шувуудын жиргэх дуу, голын урсах шуугиантай хослон , байгаль бидэнд сайхнаа гайхуулах гэсэн шиг байв. ( Ч.Лодойдамба) 63.Бороонд бээрч даарсан бор шувуу адууны бүлээн хэвтэрт гэдсээ бүлээцүүлэн , далавчээ сэгсрэн суух бөгөөд харин хүчирхэг бүргэд , хан гарьд шувуу оройн наранд гарч ирэх тарваганы дош сахин үүрмэглэн сууна. (Л. Содов) 64. Борог өвс бол хангай нутагт сарлагийн гол идэш тэжээл болдог ба цадиг түүх хардаг хууччуулын ярьснаар бол сэгсгэр борог өвс нь өвлийн хүйтэнд бүлээхэн байдаг гэнэ. ( Б. Эрдэнэбаатар ) 65.Амралтынхаа хугас өдрийг зүгээр өнгөрүүлэхийн тулд би Манзуширийн хийдийн туурин дээр очиж, ер бусын том тогоо үзэв. ( Б.Эрдэнэбаатар) 66.Үүнээс ч том тогоо олон байсан , төмрийн хаягдалд өгч , бараг дууслаа гэж Нэгэн өвгөн хуучлав. -Ямар багтаамжтай юм бэ? -1800 литр . -Жин нь? -Хоёр тонн -Хаанаас авчирсан бэ? Алтанбулагаас. Энэ тоогоог үе дамжсан нэгэн монгол дархны гэр бүл цутгажээ. 54. Хашааны хаалгаар орвол таньдаг хэдэн эмэгтэй харагдахад нь шогших шахам явсаар ойртвол тэд намайг хармагцаа үргэсэн тарвага шиг гүйлдсээр майхан гэртээ орцгоов. Ч. Лодойдамба 55. Эхийн дуу гэгч ижилгүй Эгнэх хүчтэн гэж байхгүй Эгэлгүй уураг шимсэн бүгд Энэ урьхан дуун хайлдаг юм. Б. Цэдэндамба 56. Үсний сор минь мөнгөрөх тусам Үгүйлэн санах юм төрсөн нутгаа Үнсээд угтахгүй ээжийгээ бодохлоор Үнэний хорвоог яалтай билээ. Д. Амгалан 67.Манай хөдөлгүүр 5000 цаг болоод засварт орж байхад Барууных 50000 цаг болоод засагдах жишээтэй нь барууны орнуудаас техникийн төвшингөөр 10 дахин доогуур байгаагийнх гэж 1966 онд Н.С.Хрущев мэдээлж байж. ( С.Батмөнх) 68.Л.Түдэв одоо хоёр хүний хийхийг нэгэн биеэр хииж , хоёр загалын туулахыг нэгэн хөлөөр туулж явна. ( Д.Маам) 69.Хүнийг танья гэвэл суудал зэрэгцэж, ухааных нь дотор бэдэр Хүлгийг танья гэвэл амьсгал ханьсаж далайн чандад бэдэр .( Монгол ардын цэцэн үг) 70.Бидний үеийн сэхээтнүүд цөм хөдөө нутагт хөдсөнд боодолтой өссөн хүүхдүүд , хөдөөгийн уул талаар соёл тараагүй цагийн нусгайнууд билээ. /Д.Маам/ 71.Энэ маань хэн нэгнийх нь жигшлийг бус гэхэд багахан атаархал, томхон эгдүүцлийг лав төрүүлдэг бололтой . ( Д.Маам) 72.Нөхөр Түдэвийн санаанд хэр баргийн юм таардаггүйг С.Эрдэнэ бид гадарлана. ( Д.Маам) 73.Л.Түдэв ажлын цагаар зохиолоо бичнэ гэж ер үгүй бөгөөд зохиолоо амралтаараа бичнэ , бичихдээ цай их ууна, хурдан бичнэ , баллана сохолно гэж бараг үгүй , үзэг нь дэгдэн гүйж, хар бэхийн нэг мөр нь нөгөө мөрөө дэрлэн ундрах нь горхи горхины бэдэргээ адил санагддагсан. . ( Д.Маам) 74.Аль тэртээ таван зуугаад жилийн өмнө Халхын Автай сайн хан бээр Эрдэнэзуугийн анхны багахан сүмийг босгож, Цогтын орноос залсан Гомбогүр бурханы тахисан цагаас хойш энэхүү Орхоны хөндийн чулуун мэлхий хөгшрөн хөгширсөөр эдүгээг хүрчээ. . ( Д.Маам) 75.Зуун даага эргэлээ Зуузай холбон уралдлаа Зуур замдаа цувлаа .( Д.Доржцэрэн ) 76.Сэлэнгийн шар намар, замын тоос , ажилын цуурай тэнгэрт хадгалж , ахын авчирч өгсөн хөхүүртэй айраг усанд орж буй адууг шиг шаагина . ( Ж.Лхагва) 77.Йинхүү бүсгүйн сэтгэл догдолсон нь сүүлчийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх бөгөөд найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байв. ( С.Эрдэнэ) 78. Найман сар дундаа орж ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан цэлийн салхи сэрүүхэн үлээх болов. /С. Эрдэнэ/ 79. Дондогийн харж буй зүгт хаврын цэнхэр зэрэглээ эрвэлзэн, ойр орчимд нь хурга ишиг майлалдан, унага даага янцгаах чимээ сонстоно. /Т. Юмсүрэн/ 80. Хөлс нь дусаж, арьс нь гэлтгэнэсэн бөөрөнхий хавиргатай, аман хүзүү бүдүүн, бөгтөрдүү хээр морь цулбуураа чирэн эзнийхээ араас хэд алхаснаа гайхашран үүрсэв./ Ч. Алгаа/ 81. Өнгөрсөн жил би нэгэн хүнтэй говийн замд танилцсан юм. Тэр хүн бяцхан хөх давуун уут үүрчээ. - Хаа хүрч явна даа? - Борзонгийн говь орноо - Явган уу? - Тийм ээ - Машинд суул даа - Үгүй, үгүй. Би ингэж л явган явдаг хүн. Ус нутгийнхаа гоо сайханд баясаж зуу гаруй сүг зураг, хөшөө дурсгалын зураг цуглуулаад байна гэж тэрээр ярив. /Б. Эрдэнэбаатар/ 82. Лавтайяа арван таван чонотой тэр хоёр буур харгалдан тулалдсан хийгээд хувь заяа тэднийг үхэл амьдралын босгон дээр нэгэн бурантагаар хөтлөн авчирчээ. /Д. Маам/ 83. Монгол хүн айлын гадаа очоод, мориноосоо буулгүйгээр “Нохой хориорой” гэж хэлдэг. /Б. Эрдэнэбаатар/ 84. Анх АНУ-д “ Муухай америк хүн” гэдэг ном гарсан бөгөөд зохиогчийг нь эхлээд дайсан мэт үзэж, сүйд хийх шахсанаа төдөлгүй хөөрөгдөн магтаж, бүр төрийн департаментдаа авч, лавлах болгон хэрэглэж байсан гэдэг. /С. Батмөнх/ 85. Цаг хугацаа урсан өнгөрөхдөө өөрийн өртгийг нэмэгдүүлнэ гэсэн нь үнэн чанартаа тухайн ажлыг гүйцэтгэхдээ хичнээн бага цаг зарцуулбал ашиг нь төчнөөн их байна гэсэн үг юм. /ЗГМ 1995.105 / 86. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хугацаагүй сунгахаар дэлхийн улс гүрнүүд тохиролцсоны дагуу цөмийн зэвсгийг бүх нийтээр бүрэн хориглох олон улсын гэрээ байгуулах таатай нөхцөл бүрдсэн юм. /ЗГМ/ 87. Авдий, Ингатай сайн болсноо “Хувь заяаны шинэ эргэлт” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь огтхон ч дэвэргэсэн хэрэг биш байлаа. /Ч. Айтматов/ 88. Маргааш нь өглөөгүүр арван цагийн алдад Базарбайг районы төв орохоор морио эмээллэх гэж байтал нэгэн морьтой хүн ирж яваа харагдав. /Ч. Айтматов/ 89. Иссыккулийн цэнхэр мандал улам ойртож, түүнд уусан шингэж алга болмоор шиг, амьд явмаар шиг, амьд явмааргүй шиг ч болж байсан ба усны энэ долгион шиг амьдралын давалгаа нэг үүсэж, нэг намдаж байдаг ажээ. /Ч. Айтматов/ 90. Төдөлгүй зочид буудлын хивс болсон өргөн шатаар өндөр нам хоёр хүн алгуурхан бууж ирсэн нь саяхан толгой худалдах тухай хэлэлцээ хийж байсан харь газрын жуулчин ноён Томсом, нийслэл хотын нэгэн албан байгууллагын мөнгөний нярав Дүнхэр хоёр байлаа. /Д.Дочоодорж/ 91. Ингээд жимс бүхэн болох цагт ямар сайхан гэж бодно гэж намайг хэлэхэд: - Түүнийг бодохтой зэрэг л арааны шүлс асгардаг юм гэж Сүрэн хэлэв. /Ч. Лодойдамба/ 92. “ Явчихлаа” гэж би шивнэн хэлээд морь уруугаа харвал “ Тийм явчихлаа” гэсэн шиг толгойгоо хаялан байв. /Ч. Лодойдамба/ 93. Шаравыг гэртээ нэг ирэхэд нь Норов зэмлэж, “Чи нэгдэлд орно орно гэж байж ороод, орсон хойноо ажлаас нь хийлцэхгүй, хадлан хадалцахгүй яасан хүн бэ?” гэжээ. /Ц. Дамдинсүрэн/ 94. Зарим хүнийг жилээр танидаг байвч он жил улирахад үл дурсагдах нь ч байдаг, бас зарим хүнийг мөчийн төдийд харсан ч нэгэн насаар байн байн санаанд орж, сэтгэл зүрхэнд уяагдах нь ч бий. /Э. Оюун/ 95. Явж байхад минь тэр хүүхний, зуны нар, алсын зам хоёр гандааж чадаагүй царай, тормолзон алагласан хоёр нүд, урт урт цагаан шүд, гандсан цэнхэр дээлийн ар уруу мушгиран унжсан бүдүүн хар гэзэг нь сэтгэлээс минь зайлахаа болиод дахин дахин харах гэсэн хүсэл намайг өөрийн эрхгүй хэд дахин эргүүлж, Дорж гуайн гэр рүү харуулав. /Ч. Лодойдамба/ 96. Аав, Дорж гуай хоёрыг унагаа уяж, унах морьдоо барьж аваад зэрэгцэн сууж, тамхи татан, ярилцаж байх үед нь би хажууд нь очиж суув. /Ч. Лодойдамба/ 97. Ганцхан атга болтол хурааж цуглуулсан адууны дундуур хага зүсэн ороход нь адуун дундаас дүнгэр хээр морь сум шиг суга үсрэн гарч, гүрвүүл мэт шалмаг хөдөлж, тоос манарган зугтав. /Ш. Гаадамба/ 98. Манай хотынхны хэлдэгээр бол, догь боловсон тохилог гэмээр, хөдөөнийхний хэлдэгээр бол, хөдөлгөөн сайтай эзний хүчээр өөдөлж яваа гэмээр айл байв. /Ш. Гаадамба/ 99. Гэтэл гадаа морин төвөргөөн сонстож, нохой боорлосоор нэг хүн ирсэн нь ахлах ухуулагч байжээ. /Ш. Гаадамба/ 100. Харин энэ удаа чи биш эхнэр чинь явах болсон шүү дээ гэхэд Сэнгээ үнэмшсэнгүй. /Ш. Гаадамба/ 101. Цаг нь болохоор энэ айлын ачааг би хөтөлж, цаст цагаан уулынхаа даваа бүхнийг давах ч юм билүү хэмээн боджээ. /С. Пүрэв/ 102.Залуухан монгол бүсгүй нүд нь орой дээрээ гарчихсан гүйж ирээд,гэмшсэн байдалтайгаар үг хэлэх гэснээ түгдрэн зогтусав.(Л.Түдэв) 103.”Монгол толбо” ийнхүү төрөл аривживч балран арилахгүй явсаар дэлхийн хоёр бөөрөн дээр үлджээ.(Л.Түдэв) 104.Буцах шувуутай намрын тэнгэр шиг нэг бодлогоширч,буурал хагдаа түрсэн яргуйтай хамт нэг нялхарч,ирнэ гэсэндээ ирдэг,зорино л гэсэндээ зорьдог энэ буурал өвгөдийн сэтгэлийн тэнхээг яалтай.(А.Шартолгой) 105.Одоо ч миний унаж яваа морины зөв талын ташаанд энэ тамга бас бий гээд олойр цагаан халтар халиун мориныхоо мөнгөн сорвитой алтай саран тамгыг заав.(А.Шартолгой) 106.Тэр шүүгээ уудлан хар даавуунд нандигнан боосон юм гаргаж ирэн задлав.(Д.Батбаяр) 107.Сайн гашууны хойд энгэр дээр Дагвадорж гуайн манай хоёр,зүүн хойд энгэрт нь манай саахалт Арвижих гуайнх дүү хүүхэн Шарынхтайгаа мөн хоёр гэрээр зусна.(Д.Батбаяр) 108.Нэрэн өвгөн энэ шөнө нойргүй хононо гэдгээ лавтай мэдэж байна.(Д.Батбаяр) 109.Шинийн нэгний өдөр аав,өвөг аавын аяганд айраг хийж сөнгийн дэргэд тавив.(Д.Батбаяр) 110.Жамган толгой өөд татаагүй боловч Хандармаагийн тунгалаг хар нүдийг нулимс хэрхэн бүрхэж,улаа бутарсан ягаан хацар дээгүүр нь хэрхэн бөмбөрөхийг сэтгэлдээ үзэж суулаа.(Д.Батбаяр) 111.Тэр өглөө Барчийн булан хэмээх өргөн цагаан тохойд саахалт өвөлжөөтэй Гээпийгийн аав хөнгөн цагаан чаргандаа дөвс дэвсэж,дээр нь ширдэг хаяад,хоёр борлог морио сүүлийг нь боож,мөнгөн товруу гуулин хонхтой хударга хөмөлдрөг тохон хөллөөд охиноо суулган ирэхэд нь Монхдой байдгаараа гоёчихсон хүлээж байлаа.(С.Эрдэнэ) 112.Тэгээд би аавынхаа бичсэн үг бүрийг цээжилчихээд орж ирсэн хүн бүрд захиагаа барьж байгаад л дуржигнатал нь уншдагсан.(Д.Батбаяр) 113.Аав бидэнд олон захиа бичдэг байсан бөгөөд би нэгэнт сургуулийн сурагч болсон болохоор надад тусгайд нь өөрийнхөө мөр шиг том үсгээр захиа бичдэг байлаа.(Д.Батбаяр) 114.Маргааш өглөө нь намайг босоход эргэн тойрон цас нэвсийтэл дарчихсан тэр цасан дээр хэний ч мөр гараагүй байлаа.(Д.Батбаяр) 115.Харанхуй болох тусам хаашаа явж байгаагаа мэдэхгүй байж,цааш явна гэдэг түүнд утгагүй санагдан мориныхоо амыг татан зогсож,ийш тийш чих тавин чимээ чагнавал дөрвөн зүг,найман зовхис аниралдан дүнсийнэ. (Д.Батбаяр) 116.Морь нь үе үе амгай тачигнуулан өвс ногоо шир шир хазална. (Д.Батбаяр) 117.Тэнгэр цэлмэг учир огторгуйд түгсэн одод газрын чулуунаас ч олон бөгөөд түүдэг мэт анивалзан гялалзах нь эрхбиш эндэхээс дулаан байх гэж бодогдоно.(Д.Батбаяр) 118.Хүн гэдэг чинь бууны гол шиг харанхуй амьтан,эрдмээр л сүмбэдэж гэрэл гэгээ оруулж байхгүй бол гадна нь мянган зул асаагаад ч нэмэргүй. (Д.Батбаяр) 119.Тэнгэр газар нийлсэн энэ их харанхуй дөрвөн зүг,найман зовихстой адилхан хязгааргүй мэт ажээ.(Д.Батбаяр) 120.Сайхан амьдрахсан гэсэн хүсэл нь бусдаас илүү амьдрах гэсэн хүсэл болон хувирч дээ.(Д.Батбаяр) 121. Гэнэт түүний хөлд нэгэн том юм тээглэн арай л дээгүүр нь даваад уначихсангүй тогтон зогсоод тэмтэрч үзвэл бут байх бөгөөд өргөс нь түүний гарыг хатгаж байлаа.(Д.Батбаяр) 122. Чогсом бяруугаа хашаанд оруулж, байр байдлыг нь ажин хэсэг зогсож байгаад гэртээ оров.( Д. Батбаяр) 123. Тэнгэр бүрхэж, бороо орох янзтай болов. (Д. Батбаяр) 124. Би үүдэндээ хэсэг зогстол харанхуйд нүд овоо дасав. 125. Ээж намайг зүүн гартаа хөтлөөд алхаагаа нэмнэ. (Датбаяр) 126.Омголон морьтонгууд шон дээрээс мордонгуут л пижигнэтэл давхилдахад саахалтын нохой шуугилдан угтлаа. (Д.Батбаяр) 127.Цэнзэнгаа гэртээ орон сүүгээ хөөрүүлэхээр аргал зэрэглэн галаа асааж,намуухнаар бадрах аргалынхаа галыг ширтэн суув. (Д.Батбаяр) 128.Нууран дундаа бие биеэ дуудан,хэн хэндээ эрхлэн жаргах ангир ганганалдан байлаа.(Д.Батбаяр) 129.Аргалын илчтэйг малын соргог бэлчээрээс эрж олдогтой адилхан өөрийнхөө аз жаргалыг амлдралаас өөрөө эрж олох ёстой.(Д.Батбаяр) 130....Нэг нь хүүгийн минь тасалж,манцуйлан боож авсан эх, нөгөө нь цагаан сүүгээ хөхүүлж өсгөсөн өрлөг эх. (Д.Батбаяр) 131.Тэр үе,хөдөө газар чихэр жимс ховор.(Д.Батбаяр) 132.Хот суурингаас ирсэн айлчин гийчингийн бэлгэнд домбон ёотон байх ахул гэрийн эзэнтэн өөрөө ч түүнийг идэлгүй хүүхэд багачуулдаа бяцхан хэлтэлж өгч,амсуулаад давхар цаасаар боон авдар савандаа нандигнан хадгалж байгаад,эрхэмлэн хүндэтгэдэг сайн хүндээ сар шинийн бэлэг болгон өгнө.(Д.Батбаяр) 133. Цай идээ банш буузаар дайлсныхаа дараа хоймрынхоо улаан авдрыг уудлан баадантай юм гаргаж , хэвийн боовон дээр тавиад надад өгнө . (Д. Батбаяр) 134. Би гэгч өнөөдөр малчин ард хэмээн өрлөг ээжийнхээ цагаан сүүг залгилан өлгий шиг дулаан сууцанд тарвалзан жаргах сэхээтэн хэмээгч болжээ.(Д.Батбаяр) 135.Эл хөндийг чанх голлож харагдах сууринг Дэлгэрийн суурин гэдэг (Д.Батбаяр) 136.Ээжийг лаагаа унтраахтай зэрэг тооноор од харагдана. 137.Банди уяан дээрээс морио тайлж, олмоо чангалан хэсэг тээнэгэлзэн зогссоноо баруун хойш мордов.(Д.Батбаяр) 138.Дээлээ толгой дээгүүрээ нөмрөө нүдээ анин нэг хэсэг хэвтсэн боловч миний нойр хүрсэнгүй.(Д.Батбаяр) 139.Би эрчээрээ гүйн нөгөө ангалдаа аваачиж хийгээд чулуугаар дарчихлаа.(Д.Батбаяр) 140.Эцэст нь эгч шүдээрээ татаж байгаад тайлан, дотроос нь нэг юм аваад хад жингэнүүлэн чулуудчихав.(Д.Батбаяр) 141.Тэгтэл тэр зүгээс хэдэн тагтаа дэрхийн нисч, бид хоёрын толгой дээгүүр өнгөрөв.(Д.Батбаяр) 142.Манайхыг ханаа дугуйлж байтал Таван толгойн зүүн сугаар дөрвөн тэмээ ачаа гарч ирэв.(Д.Батбаяр) 143.Ачаа хөтөлж яваа хүнийг нэгэн том хар нохой дагажээ.(Д.Батбаяр) 144.Улаан алчуур толгойдоо зангидсан, хүрэн дээлтэй нэг хүн хонио шувт туусаар манай хонинд нийлүүлсэн нь тэдний охин ажээ.(Д.Батбаяр) 145.Ээж, тогоо шанаганыхаа тавиурыг тулан, дүү нар яндан хөөлөх аядан, чулуу хоржигнуулан тоглоно. (Д. Батбаяр) 146. Бороо, ногоо жигдэрмэл тэр сайхан зун манай хоёр тэр тэрүүхэн хавьдаа зөөн, гүүгээ хамт барьж зусав. (Д. Батбаяр) 147.Энэхэн зуур Хоролсүрэн бид хоёр ихэд ижилсэн, бол нөгөө нь битүүхэн харуулдана. (Д. Батбаяр) 148.Би мориноосоо үсрэн бууж, хурдхан морио тушчихаад ааваас дөлсхийн явж, унага уяж эхлэв.(Д. Батбаяр) 149.Аав ирээд юм хэлсэнгүй, айвуу тайвуу алхлан, ганц нэгэн унага уях бөгөөд харц, хөдөлгөөн нь цаанаа нэг ууртай байгаа мэт харагдана. (Д. Батбаяр) 150.Би аажуухан явж туушаатай морио тайлан мордож, бөхөн зээрдийг хөтлөн уяан дээр очтол аав гэрийн хаяанаас эмээлээ аван тосож ирэв.(Д. Батбаяр) 151. Энэ завсар ээж гэрээс гарч ирэн, хув хар хүзүүтийнхээ амыг дотоод хормойгоороо арчин, сүүлнээс нь туг үс авч, гэрийн зүг явав. (Д. Батбаяр) 152.Хонио хүзүүдэн сууж, амьсгаагаа жаахан дарж байгаад морио ойртуулж зогссон, бөх гэгч нь тушчихаж байгаад хар хүзүүтийг өргөх гэж үзэв.(Д. Батбаяр) 153.Тайванбаярын аавыг манай цонхны хажуугаар өнгөрөхөд нь би түүнийг сайн харж авлаа.(С.Пүрэв) 154.Миний нөхөрт байхгүй болгон Нацагт байсан нь надад эргэцүүлэн бодох чөлөө олгосон юм..(С.Пүрэв) 155.Модот их уулсын дундуур шуугин урсах Хараа голын дэнжид төмөр замын эртний өртөө бий. .(С.Пүрэв) 156. Хаяагаар салхи үлээхэд таанын үнэр, айргийн сэнгэнэхтэй зохилдоод хот дүүрэн хонь шур шур хийтэл хивж, уяан дээр байгаа морьд хаяа үүрсэн алсад адуу янцгааж, хүн исгэрэх сонстоно..(С.Пүрэв) 157. Монголчууд эх орныхоо нэг чулууг ч гэсэн эрдэнийн нууцтай, атга шороо нь эмийн чанартай, балга ус нь рашааны увдистай гэж ярих дуртай. 158. Усч өвгөн “Ганцхан алдаар зөрүүлчихжээ” гэж үглэсээр уснаас гарч ирээд,амьсгаадаж, бөнжигнөж байгаа усан дуслыг арчив. 159. Саваа дүүрч мэлтэлзэх Онон ,Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж,аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн сацлын халбага мөнгөн байв Санасан эцгийн минь зэхсэн эмээл нэг мөнгөн 160. Их газрын чулуунд Илүү чулуу байхгүй Эзэн түмний нь хүсэлд Дутуу зүйл байхгүй 161. Тэнэгэр талаар хошуурсан Тэнгэрийн чулуун шагай Үелж дэллэсэн аргай Үүл сэмлэсэн аргай Олойрт цэнхэр орчлонгийн Од тоссон аяга 162. Соном цулбуураа тахимдан сууж, хөөрөг даалингаа дэлгэн энэ тэртэй тамхилалцах зуураа хол ойрын бараа баримжаа, энэ хөндийн уул толгод, ад, мод, өвс, чулууг ширхэгчлэн бүртгэж байн уу даа гэлтэй орчин тойрныг дагуулан харна. 163. -Сэрээнэн чи мах хөшиглөх үү? Гурил зурах уу? -Би аль алийг нь хийж чадахгүй, гүйцэтгэх захиргаан дээр хуралтай, одоо явлаа. 164. -За, эхнээр би нэг хачин даалгавар аваад ирлээ. -Юун даалгавар? - Чи бид хоёрыг зөгийчин болгох гэнэ. - Юун зөгий мөгий? Чи чинь эрүүл байна уу? - Эрүүл нь эрүүл ээ. 165 -Та багш уу? гэж би эв хавгүйхэн асуув. Тэрээр бүр далангүй инээж. -Тийм ээ, би багш гэв. -Юуны багш вэ? -Утга зохиолын багш. 166. –За, Сэргээнэн гуай юу л гэж явна дээ? -Чийдэнгийн шил авчирлаа. -Хаанаас, хэн явуулав? - Би нэгдэлдээ өгч байгаа юм. 167. – Та ганцаараа энэ олон хонийг усалж чадах уу? - Амжилгүй дээ. - Та их ядарч байгаа байлгүй дээ? -Ядрах нь гайгүй, харин урсчих гээд байх юм. 168. –Та нар Якутаас яваа юу? - Үгүй, Монголоос. -Аа, тийм үү? 169. Цаадах чинь чамайг сайн яваарай гэсэндээ л шүүмжилсэн байх. (Д.Дожоодорж) 170. Бусдаас сонсож, сэтгэлд тогтоосон зүйл хийгээд Бус бас санаачлан бодож, хэдэн утга олоод Бүрхэг санааны хэрээр найруулан Бүдүүлэг дөрвөн үлгэр бичиж Өсөх залуу нөхдийн үзэх явдалд Өчүүхэн төдий нэмэр болгохыг зорьж, Цэндийн хүү ёслов. 171. Морьд аяархан тургиж, амгай зуузай хангинан, бид хоёрын дөрөө харшилдах агаад тэртээ хойно хөхрөн харагдах бүдүүн ухаагийн ар уруу Цагаан усны дэнж дээр ээжийн минь бор гэр бий. (Д.Маам) 172. 1911 онд Монгол орон манжийн ноёрхлоос ангижирсны дараа олноо өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хууль зарлигаар Богдхан Хайрхан, Хан Хэнтий, Отгон тэнгэр уулыг жил бүр тайхаар тогтоож, энэ тайлгад төрийн ямар албан байгууллага, тушаалтан оролцох, улсаас ямар хөрөнгө зардал гаргаж байх зэргийг журамласан байна. (А.Э.1995.9Cool 173. Дүнхэрийг орж ирмэгц, алтан соруултай янжуур, виски архи, даршилсан ногоо, чихэр боов, савтай загас тэргүүтнээр ширээг дүүргэж, шинэ танилынхаа хамт тухлан суув. (Д.Дожоодорж) 174. Урьд өдөр нь хонь хариулах миний ээлж байсан боловч намайг явуулалгүйгээр аав минь өөрөө явсан нь мөн л ийм учиртай байж. (Д.Цэвэгмид) 175.Түүнийг хөвөнд боогоод хадгалсан минь хэд хэд хуваагдсан байсан.(Х.Гаадан) 176. Хичээл тасалсныг чинь би өөрөө багш дээр чинь очиж хүлээнэ. (Ч.Нацагдорж) 177. Гурван ямхын хулсан үзгийг барьж, эндүү ташаа бичих минь Гутал оймсыг бартал явж, нэр ашгийг хөөхөөс дээр (Гуларанс) 178. Анх нүдээ нээхэд минь цацаг чимэг болсон ув улаан ногттой, цав цагаан ботго харагдсанаас болж, би хар нялхаасаа тэмээнд дуртай болсон юм. (Ш.Энхбаяр) 179. Уйтгар гунигийн цагт сэтгэл тэгшлэх, мухардсан цагт зам зааж өгөх тийм ид шид аль өмнө холын өнгөрсөн явдал, цагтаа шийдэж чадаагүй эргэцүүлэн, ах зах юм уу дотно хүний хэлж байсан хэдэн үгэнд нуугдаж байсныг тэр эгшнээ ухаарах олз. (С.Эрдэнэ) 180. Хүний амьдрал бол эхнээсээ адгаа хүртэл аливаа бүхнийг хадгалсан эрдэнэсийн хэлхээ бөгөөд тэр хэлхээг таслахыг хичээх хэрэггүй юм. (С.Эрдэнэ) 181.Амарсанаа нээлттэй гэгээвчийн дэргэд зогсож, эгнүүлэн тарьсан моносны Завсраар Эрчим мөрний ус наранд цайвалзан байхыг бодлогошрон харж байх ба монос бүрэн цэцэглэж үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдана. /Ш.Нацагдорж/ 182.Бор талд Амарсанаа өөрийгөө ийнхүү Дөрвөн ойрдын хаанд өргөмжилсөн тухай мэдээ Зүүн гар даяар түргэн тархаж, олны сэтгэл тэр зүг тийш татагдаж эхлэв./Ш.Нацагдорж/ 183.Европод Отто Лилиенталь гэгч герман хүн, анх шүхэр хэрэглэж нисэхийг оролдсоноос аль эрт Эрдэнэзууд нэгэн ядуу жаал банди Буниа цовоо ухаанаараа шүхэр хийж нисэх гэж оролдоод торлогдуулж байж./Б.Ренчин/ 184.Үзсэнээс хойш санадаг минь Үнэнч зүрхний жам юм Учирснаас хойш дурсдаг минь Уярсан сэтгэлийн ёс юм./Ч.Чимэд/ 185.Тэр таслалтайн ууланд нисэж явахдаа Дорнодын өргөн талд хонь хариулан, алчуур шаглаж суугаа хүүхний хатгамлын хээн дэх улаан утсыг ч харж чаддаг байж юун магад./Л.Түдэв/ 186.Улаанбаатар хотын төв музейн жигүүртний тасагт махир хумсандаа мануул базаж, жигүүрээ дэлгэн суусан тахир хурц хошуутай, том хүрэн шувууг та нар эрхбиш үзсэн байх. /Д.Цэвэгмид/ 187.Тэрбиш гаднаа бууж, номхон хул мориныхоо эмээл хазаарыг аваад хондлой дээр нь аяархан алгадахад хул морь хэд алхаад өвс зулгааж эхлэв. /Б.Бааст/ 188.”Энэ муу хүү чинь жаал жуул ном эрдэмтэй явах хувьтай байж мэдэшгүй, юм нүдлэх цээжлэхдээ сайн юм, үүнийгээ харж хандаж яваарай” гэж ээж минь нас барахынхаа өмнө аавд захиж байсныг би санав./Б.Бааст/ 189.Танан цагаан хонин сүрэг шаргалтан харагдах ухааг бүрхжээ./Д.Цэвэгмид/ 190.Сүргийн дэргэдээс хоньчин хүүд холын захын үхэр, цайдмын хөндийд бэлчээрлэх тэмээд, цаадах давааг өгсөх морьтон цөм илхэн харагдана./Д.цэвэгмид/ 191.Өөрийн гэр болгож, хүрмэн чулуугаар зассан хүрээний хойморт хадан цагааны хэсгийг тавиад “Энэ авдар”, түүний дээр хүрэн гантигийн хэлтэрхийг өрөөд”Энэ хүлээн авагч” гэж өөрөө өөртэйгөө ярина./Д.Цэвэгмид/ 192.Лантуугаар шилийг цохиход хагардаг Лантуугаар болдыг цохиход хатуурдаг./А.С Пушкин/ 193.Эрмэлзлээр гүн, байдлаар жирийн Эрхэмсэг найраглал туурвих гэсэн юм./А.С.Пушкин 194.Өсөхөөс өдий болсны бүтээл Өрнөхөөс гандах болсны дурсгал Хашир суусан оюуны маань ажиглал Хал үзсэн зүрхний минь тэмдэглэл Эндээ ч инээдтэй, тэндээ ч гунигтай Эрхэмсэг найраглалыг танд барья. /А.С.Пушкин/ 195.Урьд намайг Лицейн цэцэрлэгт Урган цэцэглэж байх цагт Тэнгэрлэг Муза зочлон ирж Харанхуйд мэлтийх нуурын дэргэд Ханилан уулздаг болж билээ./А.С.Пушкин/ 196. Алаг мөрний эрэг дээр Агуу санаат Петр хаан Алс газрыг ширтэн зогсоод Аливаа зүйлийг санаачлан бодно./А.С.Пушкин/ 197.Этгээд нэгэн далайн эрэгт Эрсхэн ногоон царс ургажээ Энхжин царсны мөчир дамжуулж Эрдэнийн алтан гинж хэлхжээ./А.С.Пушкин/ 198.Баатар залуу Русланд Бага охиноо хатан болгоод Баяр жаргалыг хүсэн ерөөж Балын дээдийг зооглон сууваа./А.С.Пушкин/ 199.Ганхах аварга усан онгоцыг хөдөлгөөд, Ганган улаан ганц атаа дурсав би. Манант тэнгисийн магнаг тэргүүнд аялаад, Мандалговийн манхан говио санав би./Д.Маам/ 200.Зарим нь цай чанах зуур бүтчихмээр, зарим нь зун, намрын зургаан сард арай хийж бармаар янз янзын юм байж билээ./Л.Түдэв/ 201.Нэг цун буюу эрхийн дарам зайд мянган заан, эсвэл гурван зуун бурхан багтаан зурж, Богд эзэн хаанд өргөн бөрих ээлжит сонин бэлэг авчир гэж зураач түүний толгой дээр их эзний нэрээр лүндэн зарлиг буужээ./Л.Түдэв/ 202.Тэр гуйлгачин дөрвөн давхар дээлтэй бөгөөд эхлээд тэрмэн хүрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, эцэст нь ямбуун тэрлэг давхарлан өмсчээ./Л.Түдэв/ 203.Давхарт дээлт гуйлгачны дүр төрх ийнхүү мянган заан болон амилжээ./Л.Түдэв/ 204.Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хөмрөгт орж үлдсэн боловч тэр нь ядуу гуйлгачны ухаанаас төрснийг хэн ч тэр цагт сэжиглэсэнгүй өнгөрчээ./Л.Түдэв/ 205.Хаан анд минь, өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өэлүн эхийн сүү Цусгүй байсныг санагтун./Д.Намсрай/ 206.Эр хүн нөхөрлөхөд хад чулуу ч хайлан урсаж болдгийг, эр хүн эвдрэхэд хан тэнгэр ч хагарч цуурч болдгийг түмэн үе сантугай./Д.Намсрай/ 207.Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов тодхон буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганана../Д.Намсрай/ 208.Га ноёны захисан номыг авахаар Магсаржавыг очиход тэр айлынхны ярьсан яриа сэтгэлээс нь гарахгүй байв. /С.Удвал/ 209.Сайхан дуутай морин хууранд жонон харын аялгуу хангинаж, давхиж яваа морин төвөргөөн чихнээ сонсдож байтал нэгэн утас тасарч, нөгөө гайхам аялгуу тасалдах адил хос залуугийн хайр сэтгэлийн энэхэн зуурын эгшгийг энэ цаг мөч таслан холдуулсан боловч тэр, дөрвөн уулын дунд ч, дөчин голын бэлчирт ч сунан эгшиглэсээр л явна./С.Удвал/ 210.Хүн зовлонг амархан таньдаг атал жаргалыг дав дээр мэдэлгүй, жаргал ирээгүй байна гэж бодсоор жаргалыг эдлэн өнгөрдөг буюу хажуугаараа өнгөрөөдөг ажээ./С.Удвал/ 211.Улиастай зүгээс ирсэн дарга гаансаа түрийнээсээ авч тамхиа нэрэн, нүдээ нухаад сууж байхдаа нэгэн үе Отгонтэнгэрийн оройн цас мөсөн оргилд нар туссан нь алтан ганжир шиг харагдсан нь санаанд орно./С.Удвал 212.Магсаржав хэсэг зуурхан амраад түшмэл болон бараа болж ирсэн хоёр хүнээ дагуулж гадаа гарахад дулаан бөгөөд таримал модны их ургасан нь сүрлэг боловч нөгөө талаас өндөр хашаа сүглийн харагдана./С.Удвал/ 213.Шөнө тэнгэр дуугаран цахилгаан цахиж хүйтэн бороо ороход, бүгд норж зарим нь гэрт орохыг бодовч сайд жанжин нойрсож байгаа учир хэн ч орж зүрхэлсэнгүй, гадаа шуугилдаж, гэрийн нөмөрт чихцэлдэнэ./С,Удвал/ 214.Түм түмэн амьтныг жаргаан цэнгүүлж тоглуулж,бус буман амьтны хошуу хөдөлгөж, далавч дэрвүүлэн ажил хийлгэж, үүр гэр бариулан үе улируулан өсгөж үржүүлсэн тэр бяцхан арал дээрх олон жигүүртэн шувууд нь түүн дээр тусах нар хурыг магтан, ая дуу булаалдах мэт эгшиг уянга үл тасарна./С.Удвал/ 215.Буусан газраа цэргүүдийг үе үе дээлий нь тайлуулан барилдуулахад бие нь чангарч чийрэгжиж, сул нэгийгээ сэргээдэг нь нэг ёсны сургууль байлаа./С.Удвал/ 216.Үүр шөнө хагацахын өмнөхөн бороо гэнэт орсонтойгоо адил гэнэт арилж, удалгүй бүхнийг тагласан зузаан хар үүл тонилон тэнгэр цэлмээд, өглөөний нар угаасан ертөнцтэй мэндлэн уулын толгойд алтан малгай өмсгөхөд уулс, малилзан инээж байгаа сайхан сэтгэлтэй тарган шар хүн харагдаж байлаа./Ч.Лодойдамба/ 217.Довын энгэрт агь нүдэлж, нөмөр газар хөх яргуй товчилсон цаг, хүйтэн холдож, дулаан ойртсон хаврын нэгэн өглөө уудам талыг хөндлөн огтолсон урт сайхан замын дэргэд хос тогоруу нисэн ирж буулаа./Д.Цэвэгмид/ 218.Цахилгаан гэрэл ноцож агуйн байдал алган дээр байгаа мэт тодроход ханьтай болсон юм шиг зориг орж, цааш хэд алхан нууцат агуйн доторхыг нэгжин үзвэл эрт урьд цагт хүн байрлаж байсан бололтой, гуулин домбо, модон тагш зэрэг эдлэл хэрэгсэл юуны урьд үзэгдэв./Д.Цэвэгмид/ 219.Хадагаа алхам бүхэнд боож, хангил хацгай хажуу талаас хавчин сүндэрлэсэн харанхуй нүх мэт баргар зэвүүн хавцлыг өгсөн өгссөөр нар баруунаа хэлбийж уулын сүүдэр унжиж буух үесээр Цагаан богдын ноёлох нэгэн өндөрт дахин гарахад оройн нар гийгүүлж, орчлон хорвоо гэдэг уйтан харанхуй биш, гэгээн цэлмэг юм гэсэн шиг саруул говийн тэртээ хязгаараас сайхан сэрүүн салхи үлээж, эх орныхоо баялаг сан эрдэнэсийн далайн эрэл суралд явагчдын хацрыг илбэн үлээх нь баясал төрүүлнэ./Д.Цэвэгмид/ 220.Хаврын хурц наранд өвлийн хунгарласан цас хайлж, газрын хөрсийг чийгтүүлэн өсөх төлжих ногоонд шимийг өгөх нь сайшаалтай боловч тэрэгч Лувсангийн зуны халуунд хөлсөө урсгаж, өвлийн хүйтэнд хуруугаа хөлдөөж олсон муу гутлыг шавхайдан дүүргэх нь хайрлалтай./Д.Нацагдорж/ 221.”Өнөөх миний захисан бичмэл ном олдож байна уу?”гэж намайг асуувал өвгөн толгойгоо илээд, “Олдох ч бүр шахаад байна” гэв./Ц.Дамдинсүрэн/ 222.Галч хүүхэн зуухны аманд сөхрөн сууж.нойтон модоор гал ноцоох гэж гашуун утаанд нүдээ хорсгон гал нумардаж байснаа нүдний буланд нэг цаас үзэгдэхэд нь олзуурхаад, ухасхийн шүүрч авмагц галд хийж үлээсэн чинь ашгүй асжээ./Л.Түдэв/ 223.Шүүгээг нээн үзвэл хагас түмэн өрвөгөр шар дэгдээхий толгой эргэж, нүд эрээлжилмээр шулганалцаж байх нь тэр ээ. /Л.Түдэв/ 224.Хурдлан явж байснаа гэнэт тормоз дарахад мотоцикл нь годройтон хонхолдож Нацагийн зүүн хөл, нэг хожуул, ойчсон мотоцикл хоёрын хооронд хавчуулагдаж учиргүй их өвдсөн тул Нацаг ухаан алджээ./Э Оюун.”Улаан дээлт хүүхэн хэн бэ?”/ 225. Тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн сэтгэл их л бахтайгаар Сүнжидмаагийн гэр ойртсон гэж баярлах боловч хуучин сар орой мандах тул алс замын чигийг олж ядна.Д.Нацагдорж 226. Миний бие хагас өдөр хээр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж бие зүдрэн, санаа галирсан тул айл гэрийг үзэхэд таньтай учирсан адил баярлаж морио тушаад оров. Д.Нацагдорж 227. Зуны шөнө хөвчит уулын амаар зэрэгцэн буусан зуслангийнхны мөөг шиг цагаан гэрүүд зүүрмэглэсэн сүрэг хүн мэт анир чимээгүй нам гүм байгаа нь шөнө орой болсныг гэрчилнэ. Д.Мягмар 228. Алсын бараа нэгэн үе тэнгэр тулам өндөрсөж, нэгэн үе газраар мөлхөн үргэлжлэх униар зэрэглээн дунд хоёр цагаан юм бөртөлзөн хөвж байхыг ажиглан харав. С.Дулам 229. Үе тэнгийн хоёр эхнэр үдмэлийг үүрч, матмалыг барьж, хөх ногооны униар дунд эгэл амьдралынхаа илч гэрлийг түүсээр оджээ. Д. Дулам 230. Агь нүдэлсэн алаг цоог цастай, эрээн тарлан газар дэлхий дээгүүр үл мэдэг хөхөлбөр туяатай бүлээн дулаан будан татжээ. Б. Догмид 231. Нас ахиж, сэтгэл зөөлрөөд ирэхийн цагт хүн өөрийнхөө ганц хар толгойг бус ёс, жудгийг эрхэмлэн хичээж, хорвоогийн жамаар уул овоондоо хүртэл сүсэглэн залбирч, бишрэх хоргодох юмтай болдог ажээ. Б. Догмид 232. Олон жилийн тэртээ, бараг залуухандаа Балдан өөрийн унаган адуунаас нэг зээрд үрээ наадамд сойж, тэр нь сумандаа олны цагаан хэл ам хүрмээр дэндүү тасархай түрүүлэн, анх удаа айраг амсч билээ. Б. Догмид 233. Амин халуун хайраар холбоотой төрж, өссөн нутаг уснаасаа харь хол яваа эр хүн, хүлэг морь хоёрын сэтгэлийн үзүүрийг сэрвэлзүүлэн хөх ногооны униар ид татаж байсан цаг юмсан. Б. Догмид 234. Өндөр ургасан халгай сэлтийн дундаас эв дүй муутай урласан хүү хөрөг нь оддын гэрэлд сүүтэгнэн, галт уулын хүрмэн чулуун сүйт хүүхнээ харуулдавч араасаа ширтэх хаш чулуун ноён эцгээсээ айх мэт үл хөдөлнө. О. Дашбалбар 235. Мөнөөх хүн чулуу, түүгээр нь эргэн тойрондоо шулганах бор шувуу, хамаг биеэр нь зогсоо зайгүй гүйлдэх шоргоолж сэлтийг тэжээх бөгөөд зүүн гар талд нь хэдэн алхам зайд бас л өөрийн гэх толгойгүй болж, өрөөл нэгэн чулуугаар тэргүүнээ орлуулсан шаргал боржин чулуун хатныхаа уй гунигийг хаш биеэрээ мэдрэн амой. О. Дашбалбар 236. Миний дотор ямар нэг юм сая орж ирээд гарч явах шиг болсонд сая сэхэж харваас одод хэвээр, очир эрдэнийн тэнгэр сэрүү татаж, хүн чулууд толгой дээр минь сахисаар байлаа. О. Дашбалбар 237. Хаш чулуун ноёны бадар дээр нэгэн бяцхан шувуу нисэн ирж суусан нь галт хараацай ажээ. О. Дашбалбар 238. Үдшийн бүрийд Алтан-Овоо, зүүн тийшээ харж хэвтсэн аварга том хар бух лугаа адил нэвсийн бараална. О. Дашбалбар 239. Аль дивангарт мартагдан орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхи ноорхой хувцастай хижээл хар хүн нар жаргахын өмнөхөн хүрч ирэв. Б. Догмид 240. Согтуу эр гэнэт чоно үзээд бяцхан цочисхийж, тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн нүдээ анин байж хараагаа нарийсган түүнийг харлаа. Б.Догмид 241. Уламбаяр, Бадам хоёр мөнөөхөн ихэр юм шиг ижилхэн цэнхэр гүвээ толгодын нэгийг өгсөн, ногоог уруудаж явтал өмнөөс нь нэгэн, мотоциклтэй хүн ирж тааралдсан нь Базар биеэрээ байлаа. (С. Эрдэнэ) 242. Мөн урцнаас холгүй шургааг нь унаж яйжийсан өвсний хуучин хороо дотор тэрэгний бүдүүн тарган морьд залхуурсан мэт хааяа өвс зулгаан, сөл нь тасраагүй хиагны ногоон шүүсээр тургилна. (С. Эрдэнэ) 243. Урцны үүднд түлсэн түүдэгний хар модон цучил цогшиж, шингэн цэнхэр утаа нь алгуурхнаа баагин замхрах бөгөөд ацтай хусан гадсан дээрх хөндлөвчөөс өлгөсөн том хар тогоонд шавар шиг өтгөн хар цай пур пур буцлан,гашуун уур савсуулна. (С Эрдэнэ ) 244. Тэр, үзүүрлэсэн шонгоо хойш тавьж, модон тагштай хар цай хүд хүд залгилаад шаарыг нь зажлан нулимж, өврөөсөө мөнгөн тоногтой модон гаанс гаргаж, тамхиа яаралгүй нэрэв. (С. Эрдэнэ) 245. Галсан хар тогоон дороо хэдэн мод шидэж ,галаа асаагаад урцнаас шинэхэн цавчсан модон тэвштэй гөрөөсний мах авчрахад мань хэд өнөөх шаваг шиг хар цайгаа оочин,гурын тарган мах идэцгээв. (С. Эрдэнэ) 246.Сарны цагаан гэрэлд хяруу бууж, ойрх хадан цохио, бургас модны үүзүрт гялтганан, бэлчиж буй морьдын хөлд үл мэдэг хяхтнана. (С. Эрдэнэ) 247. Цэрэндулам эмгэн энэ мэт өнгөрснийг дурсан хэсэг хэвтээд бие овоо тавирахад босож хувцаслав. (С. Эрдэнэ) 248. Мяндсан шаглаастай оймс, ногоон сарьстай гутал, өндөр захтай цагаан чисчүү цамцтай, жирвийтэл имэрсэн шиврээ сахал, цохон дээр нь хөвчлөн нийлсэн өтгөн хар хөмсөгтэй сүрлэг эр мөнгөн тольтой хар хилэн жинтүү тохойлцон суугаа нь гэрийн эзэн бололтой бөгөөд биднийг даан ч тоох шинжгүй. (С.Эрдэнэ) 249. Шөнийн тэнгэрт солонго өргөх Үүр гэж бий Шижир туяагаар цацран манхайх Өглөө гэж бий Шударга түмний хайрыг татах Нэр гэж бий Шингэдэггүй мөнх амьдрал тэтгэх Нар гэж бий (Ө. Баасанжав) 250. Тэнгисийн мандлаар цэргийн галт онгоцнуудын урт цуваа баруун зүг довтолгон, алсын ямар нэгэн дэлбэрэлтэнд газар доргилж байлаа. (С. Эрдэнэ) 251. Нарангарвуу зүрхнийхээ цохилохыг чагнаархан хэвтэж байтал асар дээр борооны ганц хоёр дусал чимээ гарав. (С.Эрдэнэ) 252. Их уснаа нийлэхийг тэмүүлсэн бяцхан горхи дов сондуул мурилзан жирэлзэн урсах замдаа бархаглан бөөгнөрсөн хог өвсөнд хаагдах боловч хүчээ хурааж, нөгөө муу хаалтыг зад цохиод дэвхрэн цовхрон одно. (С.Эрдэнэ) 253. Ганц охиныхоо төлөө бурханд залбиран суудаг аав ээжий хоёр нь тэдний хэрэгт оролцсонгүй, юу болохыг хүлээж суув.(С.Эрдэнэ) 254. Нар дээшлэх тусам утаа шингэрэн хөөсөөр эдний явж байгаа уулан дээрээс түймрийн нурманд шинэ ногоо соёолсон цэл ногоон хөндий харагдав. (С.Эрдэнэ) 255. Арслангийн дүрээр айлган сүрдүүлж явдаг хүн, цаг ирэхэд ганцаардан дарагдаж, бачимдан цухалдсаар багтран ойчдогийг мэдсэнгүй. (С.Эрдэнэ) 256. Битүү ой ширэнгэ дундуур зүг чиггүй нэвтрэн цагаан газар гарч ирээд тэртээ талын уулнаас бууж яваа хоёр морьтонг харангуутаа Мөнх, Намжилмаа хоёр мөн болохыг таньж, ойн захын боролжинд орж нуугдав. (С.Эрдэнэ) 257. Хээр халзан чухам хэрхэхээ мэдэхгүй том хар гэргийг ажиглан зогсож байтал тэр нь гэнэт догшноор нүргэлэн дуугарахад холби үсэрч, нутгийн зүгт хөхрөн буй уулс тийш давин оджээ. (С.Эрдэнэ) 258. Өндөрхааны өртөөнөөс оройхон мордоцгоож, сэмжин үүлтэй цэгээн цэнхэр тэнгэр, хөх униарт хөвчийн уулс нь гойд сайхан харагдах төрсөн нутгийн зүг давхилдан одохдоо гундмал зүстэй өртөөний морь, гандмал хуцастай өвгөн улаагчийг өрөвдсөн ч үгүй дээ. (С.Эрдэнэ) 259. Өндөрхааны өртөөнөөс гарсаар морины ам таталгүй, Дулааны босго өртөөнд ирэв. (С.Эрдэнэ) 260. Гэнэт сэтгэл минь уужраад өвсний толгойд сэрүү буусныг, үдшийн салхи намрын амттай айраг шиг хамар сэнгэнүүлэн сэвэлзэхийг мэдрэв. (О.Энхжавхлан) 261. Орны хажуугийн явган ширээн дээр хауун савтай цай, мойлтой хурууд, цөцгий, хурууд зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. (С.Эрдэнэ) 262. Энэ удаа ч гэрээс гарангуут мөрөөдөлд зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, үхэр цайран багширч, тууварчдын гэр майхан ундуй сундуй үзэгдэв. (С.Эрдэнэ) 263. Удсангүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж, цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхэд Балбар мөн болохыг даруй таниж, нэг мэдэхнээ угтаж гарсан байв.(С.Эрдэнэ) 264. Хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч, өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч, өвгөний майханд оров.(С.Эрдэнэ) 265. Тогоруунууд ч нар шингэхийг хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр алсыг чиглэн нисэв. (С.Эрдэнэ) 266. Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал нар шингэж, улаан тогоруунууд жирийн хөх тогорууд болов. (С.Эрдэнэ) 267. Нэлээд өндөрт гараад эргэж харвал, тэртээ хөхөмдөг манан татсан хөвчийн дээгүүр цаст уулын цагаан оргил наранд тодроод цэлмэг тэнгэр өөд улбар цацруулан байна. (С.Эрдэнэ) 268. Урьд цагт монголчууд өөрсдөө монгол ном судартай болохын өмнө уйгар ном үздэг байсан гэж номын бичиг сударт үзсэн билээ. (Б. Ринчен) 269. Үдшийн нарны гэрэлд хааны хүрээний сүм дуганы алтан ганжир гялалзаж, оройн мөргөлийн бишгүүр татах яруу дуун сонстож, хааяа хааяа өтгөн дуут үхэр бүрээ бархирах нь дуулдана. (Б.Ринчен) 270. Цаг нэг мөч өнгөртөл лам түшмэл эргэж ирээд алгаа хавсран их л ёсорхгоор хариу мэдэгдэж, газарт хүнийг өгөх болов. (Б.Ринчен) 271. Хоёр том сор залж гүймэгц чойжин асрын аман дээр гарч ирээд өмссөн хувцас нь Энэтхэг алтан мөнгөн хоргой наранд гялалзан, шүр охиюу шигтгэсэн хуйтай сэлэм, мөнгөн тавтай саадаг хоромсогтой нум сум агсжээ. (Б.Ринчен) 272. Монгол Улс 1961онд НҮБ-д гишүүнээр элсч, хууль ёсныхоо байр суурийг эзэлснээр манай орны хувьд улс төр, эдийн засгийн харьцааны бөглүү байдлаас ангижрахад түлхэц өгөх нэг нөхцөл бүрджээ. 273. НҮБ-ын дүрэм 1945 оны аравдугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноо дэлхийн олон улс хамтын индэртэй болжээ. 274. Батбаяр ламы өргөөг хүлээн барьсан шар торгон хүрээний гадна гараад, хэдэн цагаан гэрийн тэнд мөргөлчин овооролдож байгааг харваас бүдүүн мөнгөн бумбанаас мөргөлчний гар, аяга саванд юм хийж өгч байгаа нь харагдав. 275. Манж хаанаас манай Богдод хүрэн зандан ширээ бэлэг болгон явуулсныг зарлигийн амбан биеэр Богдод хүргэж ирээд Богд хариуд нь амбанд хоёр алтан бугуйвч гарт нь зүүж өгсөн гэнэ билээ. 276. Өмнөх замаасаа баруун тийш нарны туяан доогуур саравчлан харахад униартан цэнхэртэж байгаа модтой дүнхгэр уулын араар урссан голын гялтганаж, цаад наад эргээр нь тарж бэлчсэн үхэр адуу бараантан налайжээ. (С.Доржпалам) 277. Халуун цай аяга аягаар оочлон дотор нь аажмаар тавирах боловч эхнэрийнхээ яриаг сонсох тусам зүрх нь шимширч, дөнгөж өчигдөрхөн толгойд эргэлдэн оволзож, хөлийг хөнгөрүүлж, асан тэр итгэл найдвар гэрэл гэгээ ямх ямхаар хорогдон бөхөж байгааг Лавай мэдрэн гагалж сууна. (Т. Мандир) 278. Би гайхан харахдаа нар тэнгэрийн хаяа хоёрын завсар асар том бөмбөлгийн орой шиг зэгэл үүлний мөлгөр сэжүүр цухуйн байхыг олж ажиглалаа. (Ч.Галсан) 279. Морьдын алхах хэмээр эмээлийн бүүрэг цохих туламтай зэнгүүнээс үүсэх бүгт дуу улам улмаар чихэнд шингэх нь их талын зүрхний лугшилт мөн шиг санагдав. (Ч.Галсан) 280. Хаврын салхинд, намрын борооноор туугдан ирээд нөмөрт нь хорогдон хоноглодог ганц нэг алдуул, завхуул адуу, тэмээг эс оролцуулбал ийшээ чиглэх амьтан үгүй бололтой. (Ч.Галсан) 281. Сэгсүүргэн дээлтэй, чихэвч малгайтай, улаан хацартай, арван гурав дөрвөн насны жаал хүү, үзүүрсгэн дээлтэй, лоовууз малгайтай, ясархаг байрын бөгтөр өвгөнийг сугадан ирж, шатан дээр гишгүүлэхэд өвгөн дороо сууж, суугаагаараа гулгах гэсэнд би яран түшиж буулгав. (Ж.Лхагва) 282. Хүн чулууны давааны ар руу ус, дуу чимээтэй садран шаагиж, түүнээс үүссэн нарийхан боловч түргэн урсгалд горхи, хад чулуудыг дамжин цовхрон цойлон урсаж байлаа. (Л.Түдэв) 283. Үүгээр явах тоолондоо заавал ч үгүй замын хажуу руу тэрхүү улиасанд үеийн танил хүнтэй уулзсан мэт инээвхийлэн харж зогсоно. (Д.Гармаа) 284. Бид хоёр олдог тав гурван мөнгө хоногийн цувдай толгойноос хэтэрч чаддаггүй тул өвөл болоход хувцас муутай би даарч хөрөх болноо. (Д.Гармаа) 285. Догшин лус савдгуудыг даран, түмэн бээрийн газар нисдэг бор даагаараа хурдлан, албан чөтгөртэй тулалдаж явдаг эргний үлгэрийн баатрын ид шидийг олж авсан лугаа ийнхүү хүн балар ойд мөр татуулах мэдэг хүслийн дээд биелийн аятай санагдана. 286. Цагаан өвс аниргүйхэн ганхах их тал эл хульсан. Бялзуухай ч үл жиргэж бөгөөтөл манан будангийн л дуу ийм байдаг болов уу гэмээр нэгэн бүдэгхэн цагаан аялгуу чихний үзүүрт сонсогдохтой үгүйтэй холдон ойртон эгшиглэнэ. (Б.Догмид) 287. Нас ахиж, сэтгэл зөөлрөөд ирэхийн цагт хүн өөрийнхөө ганц хар толгой бус, ёс жудгийг эрхэмлэн хичээж, хорвоогийн жамаар уул овоондоо хүртэл сүсэглэн залбирч Хөндий дүүрэн ногооны хөөнгө суунаглан цэнхэртсэн хаврын сүүл сарын нэгэн дулаахан сайхан өдөр аль говьд өвөлжсөн айлуудын түрүүч хөндийд зусахаар ирлээ. (Н.Банзрагч), бишрэх хоргодох юмтай болдог ажээ. (Б.Догмид) 289. Төрсөн нутгийн нь цэнгэг сайхан агаарт бие сэтгэл нь хөнгөрөн унтаж хэвтэхийг ч хүссэнггүй, дорно тэнгэрийн хаяа цайвартаж, сарны гэрэл бүдгэрэн байгааг Чулуун инженер сая л анзаараад майхан өөдөө аажимхан алхахдаа Дамбий өвгөний хэлсэн үг үе үе санааг нь зовоосоор байлаа. (Н.Банзрагч) 290. Түүнийг төлөгнүүддээ тэжээлий нь өгөөд эргэхэд үдшийн жавар тас няс хайрч, дээд тэнгэрт өвлийн шөнийн одод жирэв журавхийн байлаа.(Ц.Базаррагчаа) 291. Галын захад орхисон хувинтай ус часхийн хага хөлдөж буй чимээ тод тодхон дуулдах нь үүрийн жавар чангарч буйн тэмдэг гэдгийг хоньчин сайн мэднэ. (Ц.Базаррагчаа) 292. Нэг муу өнчин гавар үдэш бүхэн тийн дуугардгийг хоёр нохой нь бас эзэн шигээ сайн мэдэх болсон ажээ. (Ц.Базаррагчаа) 293. Өмнө тэнгэрийн хаяа гал улаанаар хярхаглаж, шөнийнхөө гүнд анир чимээгүй болсон Хөх чулуутын оройн мод хүүгэн шуугиж эхлэх нь үүрийн жавар салхин, их хөвчийг нойрноос нь сэргээв бололтой. (Ц.Базаррагчаа) 294. Би ээжийнээ гэгээн дүр төрхийг тун бүдэг бадаг мэдэх атал энэ удаа яагаад ийнхүү зүүдэнд ээжийн минь царай тийм содон сайхан харагдсан бэ гэвэл би сүүлийн үед ээжийгээ нэг л санаад байх болсноос ийм явдал болсон бололтой. (Б.Бааст) 295. Хайлаасны ногоон навчис нь дөрвөн зүгтээ шүхэрлэн тэлж, зэлүүд хээрийн салхины аясаар сэржигнэн шуугих нь улирч одсон он жилүүдээ тоолж, болж өнгөрсөн үйл явдлаа хүүрнэн өгүүлэх юм. (Н.Банзрагч) 296. Хавь ойр ой модгүй тал хөдийд гурван лүглэгэр хайлаас ургасныг хэн ч үл мэдэх бөгөөд олон жилийн турш ширүүн цасан шуурганд савчин ганхаж, урт үндсээ газрын гүн рүү шигтгэн улам улам бүдүүрэн ургаж, өдий хүрчээ. (Н.Банзрагчг 297. Гурван хайлаасны яг өлмий дороос нь маш хүйтэн тунга гурван булаг ундран гарч, саахалт хиртэй урсаад гурвуул зэгсэн элбэг устай горхи болон жирэлзэн урссаар хөндийн адагт буй элсэнд шурган шингэнэ. (Н.Банзрагч) 298. Хүйтэн тунгалаг ус нь жирийн ч биш,гэдэс дотрын өвчнийг анагаах чадалтай рашаан болохыг мөн олон жилийн тэртээгээс мэдэж, хавь ойрынхон шидэт рашаанаас хүртэж, өвчин эмгэгээ анагаасаар ирсэн бөлгөө. (Н.Банзрагч) 299. Тэр зүг харвал ногоорон буй ойн дээгүүр хоёр хун хойно урдаа орон алгуурхан нисэх бөгөөд цас шиг цагаан өехийтэй томхон биетэй нь арай чанга дуугарч байв. (Ш.Ванчаарай) 300.Хурсан олны дунд учирмагц Дөрвөн нүд эсрэг ширтэлцэн Хоёр сэтгэлийн дунд Нэгэн зэргээр зул гэрэлтэн байгааг хэн мэднэ. (ДНацагдорж)

Comments

2015-02-05 -

Бичсэн: Зочин

авчихлаа багшаа дуламсүрэн, отгонбаяр

. Шууд холбоос


2015-02-03 -

Бичсэн: Л.Батчимэг, Энхтайва (зочин)

баярлалаа багшаа бие даалтаа авлаа

. Шууд холбоос


2015-01-29 -

Бичсэн: Зочин

awchlaa.bayrlalaa bagshaa

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax