munhtuya.PhD
2015-10-08
өгүүлбэр судлал1 бие даалт
:::МХУЗ-ын багш мэргэжлийн 3-р курст судлах “Өгүүлбэр судлал 1” хичээлээр оюутны хийж гүйцэтгэх бие даасан ажил Нэгдүгээр бүлэг сэдэвт холбогдох бие даасан ажил: Хавсралт 1, 2 –т өгөгдсөн даалгаврыг хийж гүйцэтгэнэ. Бие даасан ажлыг дүгнэх хугацаа: • Хэлбэржсэн үгийн задлал: 2015.10.12 /Даваа гараг/ • Холбоо үгийн задлал: 2015.10.16/Баасан гараг/ Хавсралт 1: Дараах эхээс 2-ыг сонгон, хэлбэржсэн үгийн бүтцийг тодорхойлоорой. Шумуул Шумуул бол хоёр нутагтан. Газар уснаа амьдардаг амьтан. Өсөх чулуу үеэ усан дээр, томорсон үеэ агаарт өнгөрөөнө. Эмэгчин шумуул өчүүхэн өндгөө тогтоол ус, намаг шалбаагт гаргана. Гурван өдрийн дараа өндөг нь хагардаг. Шумуулын авгалдайг бичил дурангаар харахад толгой, хоёр том хар нүд , бөөрөнхий цээж, түүний хойно сүүл байна. Шумуул нь амьдралынхаа эхэн үед сүүлээрээ амьсгалдаг ажээ. Эрэгчин шумуул бидний дайсан биш. Хэзээ ч цус сордоггүй. Харин эм нь ямагт цус сорж амьдардаг ажээ. Эрэгчин нь намартаа үхнэ. Эм нь намар ч, өвөл ч амьд байдаг. Нүхэнд орж унтаад, хавар аажуухан сэрдэг. /Байгалийн хачин, сони номноос/ 2. Нарс, хуш, аньс мөнх ногоон болсны учир Урьд нэгэн цагт сайн санаат хараацай шувуу хүнийг үхэлгүй мөнх, үүрдийн залуу болгохоор мөнхийн рашаан ус олоод, хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явав гэнэ. Гэтэл хорт муу санаатай хэдгэнэ үүнийг мэдээд, нисэн явах зуурт нь час хийтэл хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу тавин ёолоод, аман дахь мөнхийн усаа асгаж орхисонд тэр нь нарс, хуш, аньс гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон шилмүүс, навчтай болсон гэнэ. Хамаг хэрэг талаар болсныг үзээд, хараацай шувуу харуусан гашуудахдаа хэдгэний хэлийг суга татсан тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож чадахаа байгаад, дэмий л дүнгэнэдэг болов гэнэ. 3. Хавар Гол горхи хүсэл мөрөөдөл шиг тэмүүлэн урсана. Цэцэг ногоо бодол шиг чимээгүй ургана. Тунгалаг гэрэл, ариун үнэр арван зүгтээ дэлгэрнэ. Дуу чимээ алслан түгж, цэнхэр ногоон хоёр өнгө хослон жигдэрнэ. Салхи урихнаар мяралзан ирнэ. Тэртээ тэнгэрийн хаяа руу хагалсан газар сонины мөр шиг дурайж, дунд нь яваа турлиах наран цэцгийн үр шиг харлана. Хүний зүрхэнд баяр гийж, хүлгийн туурайнаас ногоо ханхлахад хэрээ хүртэл сөөнгө хоолойгоор хаврын дуу дуулна. Эргэн тойрон цэцэг ургаж, ногоо дэлгэрч байгаа юм шиг нам гүм байтал гэнэт галуу ганганана. Хавар би өөрийгөө аз жаргалтай гэж бодно. Хаврын тэнгэр голдуу хүүхдийн нүд шиг тунгалаг байна. Цагийн цагт тэнгэр ийм л тунгалаг байгаасай гэж би хаврыг улам ихээр хүснэ. /Д.Батбаяр/ 4. Архины тухай домог Архийг анх бурхан багш гаргасан юм гэнэ. Архи бол есөн хороор бүтсэн идээ ажээ. Бүтээсэн идээнийхээ дээжийн чадлыг шалгахаар нүдгүй, хөл гаргүй хүмүүст уулгаж гэнэ. Тэгтэл нүдгүй хүн, нүдтэй боллоо гэж , хөлгүй хүн хөлтэй боллоо гэж хэлжээ. Тэр цагаас хойш архи нь хүний ааш араншинг арслан барс мэт болгодог айхавтар идээ болжээ. Архинд буурын хөөс орсон учир тэмээ шиг шүдээ хавирдаг. Галзуу чонын хүүхэн хараа орсон учир согтуу хүний нүд нь улайдаг. Галзуу нохойн шүлс орсноос согтуу хүн үргэлж шүлсээ нулимж байдаг болсон гэнэ. /ААЗ/ 5. Миний тоглоом Ээжийнхээ гэрт байхад нэлээд тоглоомтой байлаа. Модоор зорсон хэдэн тэмээ, хэдэн морь байсан. Гарт атгаж болох хэмжээтэй байлаа. Заримыг улаан, ногооноор будсан учир гоёмсог тоглоом байлаа. Үүнээс гадна хонины шагай, зээрийн шагай хэдэн зуугаар байв. Шагайны дөрвөн этгээд нь дөрвөн зүйлийн нэртэй. Хонхортой этгээдийг хонь буюу цэг гэнэ. Бөмбөгөртэй этгээдийг бөг гэнэ. Дээд этгээдийг морь гэнэ, доод этгээдийг тэмээ гэдэг. Дөрвөн шагайгаар янз янзаар тоглож болно. Мөн дөрвөн бэрх гэдэг өвөрмөц тоглоом буюу мэргэ бий. /Ц.Дамдинсүрэн/ 6. Боловсрол их хөрөнгө Үрээд дуусгадаг мөнгө байхад үхтлээ эдлэх боловсрол гэдэг их хөрөнгө хогшил болдог. Боловсрол бол ухаан нэмнэ. Түймэрт шатаж, гал усны аюулд өртөж, үгүй болохгүй болой. Мөн үерт урсдаггүй, хулгай дээрэмд алдагддаггүй, бие хүний нэгэн насны дуусашгүй, улам өсөж дэвжих их өмч хөрөнгө мөн. Боловсролгүй хүн удамшлын тэнэгт ч дорхноо автагдана, ухааны мунхаг ухамсрын тэнэгт ч амархан олзлогдоно. Боловсрол багатай хүний хөдөлмөрийн бүтээмж өндөр биш байдгийн гадна тэд зөрчил, гэмт хэрэгт өртөх нь их байдаг. Боловсрол багатай хүмүүс архи, тамхи их хэрэглэдгийг Германы судлаачид баталжээ. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Номгүй бандийн цээж харанхуй” гэж сургасан нь яасан онч мэргэн хэлээ вэ? Өндөр боловсролтой хүнд толгой өвдөх өвчин бараг тусдаггүй гэсэн дүгнэлт ч нэлээд улсын эрдэмтдийн дүгнэлтэд байна. /Б.Бор/ Хавсралт2: Дараах эхээс аль нэгийг сонгон, чөлөөт ба чөлөөт бус холбоо үгийг ялган бүлэглэн жагсааж бичээрэй. Б.Лхагвасүрэн 1. Мэдэгдэхгүй аялгуу Манай хажуу талын дэлгүүрийн үүдэнд гармони хөгжим барьсан хараагүй хүн сууна. Үргэлж хөгжимдөн дуулна. Өмнөх амыг нь дэлгэсэн цүнх харах тоолон юм хайрла гэж хэлж байх шиг санагдана.Өвлийн хүйтэн өдөр ч өдөржин дуулна. Оройхон тийшээ ямар аялгуу, ямар дуу болох нь ч мэдэгдэхгүй нэгэн зүйлийн гиншилт болж хувирна. Тэр хавиар явах хүмүүсийн нүд чих дасаж өрөвдөх битгий хэл харахаа байх бололтой. Түүнийг тэр даан ч эс мэдрэн дуулсаар сууна. Нүдээ халхалсан шил нь цантаж, бээрсэн хуруу нь ертөнцийн аз жаргалын ганцхан эгшгийг эрэх мэт тэмтчинэ. Тэр хулжсан аялгуу хаанаас амархан олдох аж даа. 2. Аниргүй Уул уулынхаа хормойг даран дотогшоо амьсгална. Салхи уснаас гүйдлээ харамлан дуугаа хураажээ. Нуур чимээгүй... анир анираа залгилна. Би аниргүйд автагдан чимээ, хөдөлгөөн хоёроо цагдуулна. Аниргүй намайг залгилсаар... Мичид гуу мөргөж, намрын шөнийн үүр эмээлийн урт бүүргэн дээр цайлаа. Гэгээ аниргүй гэтнэ. Адууны зогсоол дунд эхийнхээ бөөрийг түшин босоо унтсан нялх унага нойрны халуундаа подхийн уналаа. Унуутаа цочин сэрсэн унаганы дор урд хөлөө бохирсон хээр азарганы дэл дэвсээстэй байлаа. Цочсон гэгээ үүрийн улаан шуурга талд асгарав. Аниргүйн цэлдэн хөх нам гүм унаган туурайд өртөн ханзрав. Унага улаан талыг жийж дахин тэнцлээ. 3.Хумсын чинээхэн нар Өвөөгийн, цээж давхаргагүй гэрт хүн ярих шиг дүнгэнэнэ. Хумсын чинээхэн нар тоононы дааганаас мултарч ядна. Өвөө тэр холоос сульдсан зүрхнээсээ дуугарна. -Хүү адуугаа олоо болов уу? Адуу тургилахыг сонсох юмсан... гээд хэлсэн хэдэн үгэндээ хахах мэт дуугүй болов. Ашгүй уяан дээр дөрөө дуугарч адуу гүнгэнэн үүрсэв. Өвөө бүтээсэн өрх шиг хүнд зовхио дааж ядан инээж -Хүү ирэв үү, адуугаа олоо болов уу? гэх нь түрүүчийнхээс тод дуулдав. Гэвч хараагүй байж би,... -Тийм байна аа, ах ирж байна. Адуугаа олчихож ...гэж санаандгүй цээжний бангаар хэлчихлээ. Өвөө: -Өө ашгүй дээ гээд гүнзгий амьсгал татлаа. Сумын эмч орж ирүүтээ баруун хатавчинд цагаан нөмрөгөө өмсч гарлаа.... Хумсын чинээхэн нар тоонон дааганаас нисэв. 4.Алчуур зангидсан хуур Өвөө өөд болоод сар гаруй боллоо. Гэрийн хоймор байдаг хуурны ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар гаруй боллоо. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагахгүй гэж ингэж гашууддаг заншилтай. Долоон долоон дөчин ес хоног бооно. Нэг өглөө зүүн хамар дээгүүр улаан тугтай машин гарч ирлээ. Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ. ...Цай цүү болсноо дараа нь том сийрсэн малгайтай, нүдний тас хар шилтэй ах надад, -За хүү дэгдчих, урлагийн бригад ирлээ гээд айл саахалтынхнаа хөөгөөд ир гэлээ. Орж ирснээсээ хойш туж л нүүр нүдээ будсан гоё эгч нөгөө сийрсэн малгайтай ахад хандаж ,-Найруулагч аа ,би ямар дуугаа дуулах юм бэ? гэж зузаан уруулаа бөмбөлзүүлэн дуугарав. Нөгөө өндөр ах ,-Өө ашгүй хууртай айл байна...гэснээ ухасхийн хоймор байсан хуурыг шүүрэн авах зуураа “Бас алчуур боочихсон нандин эд байх нь ээ “ гээд алчуурыг нь хуу татахад хуурын ногоон халзан морин толгойн том аягатай нүд дүүрэн нулимс нь эгшиж амжаагүй харагдав. 5. Үлгэр Үлгэр гэж байгаагүй үед нэгэн хаан байжээ. Боол хамжлагуудынхаа дундаас цэцэн гэгдсэн тэнэгүүд, холыг хардаг гасангуудаа дуудан -Би хэд наслах нь вэ? гэж асуудаг байж. Мэргэдүүд “Еэ дээ удахгүй л боловуу” гэж хэлсний төлөө, бараг болох үнэний төлөө толгойгоо өгдөг заншил улиглажээ. Хүний толгой өнхрөхийн тоолон хаан маргааш ирж өлмийд нь өнхрөх толгойг харахын тулд амьд байдаг болж... Нэгэн мэргэн түшмэл мэргэд шувтрахын даваан дээр иржээ. Хааныг - Би хэд наслах нь вэ? гэж асууж байхад гадаа нь хааны алуурчид сэлмээ ирлэж байсан биз. - Ээ гэгээн хаантан минь. Та урт наслах нь, тэр ч атугай төрсөн хүүгээсээ ч урт наслах нь...гэж хэлэхэд хааны магнайд баяр наадаж - Энийг битгий цаазал гэж хашгирчээ. /О.Дашбалбар/ 6. Сариг цагаан ботго Сариг цагаан ботго буйлан буйлсаар Сайхан ээждээ очихоор тэшин тэшсээр Санахын эрхэнд уйлан уйлсаар Самсаа нь шархирч өвдөг нь бохирсоор... Араатан барын савраас мултарч, аюулт чонын амнаас холдов. Дөрвөн хөлтнийг аргалж болов. Дөмөн дөмөн тэшүүлсээр.. яриг цагаан ингэ, сариг цагаан ботгоныхоо буйлан буйлахыг сонсоод эгнээ мянган уулсыг зад тийрч, эрчилсэн төмөр чөдрийг тас татаад эрх багахан ботгондоо яарав. Арайхийн учирч ангир уургаа шимүүлтэл хоёр хөлтнүүд ирлээ. Өршөөсөнгүй ээ... Яриг цагаан ингэний толгой сэвсэн дээрээ хэвтэнэ. Сариг цагаан ботго нь буйлан буйлсаар, уйлан уйлсаар... Хуурчийн нулимс гялтганан бөмбөрч, хуурын хоёр чавхдас тасхийн тасарлаа. Зулын гэрэл сүүмэлзэн сүүмэлзсээр бөхөж, харанхуй давалгаанд сариг цагаан ботго буйлан буйлсаар.. Тэнгис ширгэм зовлонд уйлан уйлсаар... Бие даасан ажлыг дүгнэх хугацаа: Өгүүлбэрийн гишүүдийн тайлбар: 2015.11.06 /Баасан гараг/ Энгийн өгүүлбэрийн тайлбар: 20015.11.27 /Баасаан гараг/ Хавсралт 3: Дараах эхээс 2-ыг сонгон, гол ба дэд гишүүдэд дэлгэрэнгүй тайлбар хийгээрэй. 1. Чимээгүйн аяз Хөмрөглөсөн цэнхэр тэнгэр доор намрын шаргалхан цэцэрлэг нам гүм... Зунжин цэнгэсэн залуус тарж, цэнхэр сандлууд нь эзэнгүйрчээ. Салхиар хөглөгдсөн хус модод гунигаар уянгалж, навчисаа сэгсэрнэ. Алаг нүд минь нулимсаа мэлмэрүүлнэ. Намрын эзэнгүй энэ цэцэрлэгт мөнх үлдэх сэн. Энэ өдөр нэг мөч нь зуун жилтэй тэнцнэм. Энэ мөчид Хандаагийн уртхан хар гэзгийг задлан хурууныхаа завсраар асгаруулж , мэлмэрээ хархан нүдэнд нь ууснам. Би чамдаа мөч бүхэнд шингэсээр ...нэгэн цогцос болов уу. Миний эхлэл, чиний үргэлжлэл үр минь нам гүмд цэцэглэн буй. Бушуухан хавар болоосой, тэнгэр минь 2 “Намрын навчис” хэмээх бүлэг аяз Ертөнцийн хязгааргүйд цаг хугацааны урласан тоо томшгүй бүтээлийн нэг нь л хүн юм. Гэтэл хүн яагаад бусдаас дээгүүр өөрийгөө тавих болов? Нар, өвс ногоо, ус агаар , ой модод , уулс амьтад жигүүртэн хүнээс дутуу гэж үү? Адилхан л ертөнцийн бүтээл туурвил бус уу? Ертөнц дахины бүтцэд гүн нарийн, үл ойлгогдох нэгэн зүйл байна. Түүнийг мэдрэхийн тулд өөрийгөө үгүйсгэх хэрэгтэй . Энэ ертөнцөд би морь унаж хээр талаар давхих гэж ирсэн юм. Эргэн тойрны бүх уулстай ярилцаж , намрын шөнө тэдний уйтгарлахыг мэдрэхээр , ертөнцийн бүх могой , шавьж хорхой , шувууд ой моддын цуглаанд оролцож өөрийн үгийг хэлэхээр ирсэн юм. Цорын ганц гэрэлт цох эрж, түүгээр дамжуулан мичдийн одны ордоос илгээсэн нууц тарнийн шившлэг сонсохоор ирсэн юм. 3. “Дөрвөн цаг буюу Анимаа”-ийн “Намар”-аас Буцах шувуудын дуун сэтгэлийг сэмлэж , будан хүдэнт уул хүйтрээд, бугын дуунд тасрах навчис нүдний нулимс мэт нэгэн хоёроор бөмбөрнө. Намрын сэрүүн уйт хорвоогийн жам ёсыг эрхгүй санагдуулж, уруул давах үгс нь элэг зүрхний гүн эмзэглэлийг сэдрээн зовиурлана. Анимаагийн минь сормуусны шүүдэр унаж цан хяруу унасан өвсөн дундуур алхахад нь уулс түүнийг нөмөрлөн, уужим алс хөх тэнгэр тайтгаруулна. Энэ ертөнцийг үзэхээр ирсэн тэнгэрийн охин буцах цагаа дөхөхлөөр сэтгэлээ буцааж үл чадна. Анимаагийн гунигаар өвс бүхэн шаргалтаж, гол ус зайрмагтан , тунгалаг сэтгэлийн нулимс адил жирэлзэн урсаж, нимгэн мөсөн доогуур мэлмэрнэ. Ертөнц дахинаараа уйтгарлан , хөөрхий Анимааг санаа алдахад Гурван маралын зүгээс сэв сэв салхилна. Цан бүрхсэн том хадны дээр дэрсний үзүүрээр шүлэг тэрлэхэд тогоруудын зогдор бууралтаж, тоонон дээр үүлс бужигнана. 4. “Дөрван цаг буюу Анимаа”-ийн “Хавар”-аас Эрх ишиг шиг горхи хөх хөх чулуудыг дамжин цовхочно. Цовоо цолгин хоржигнох нь сэтгэлийн чавхдасыг хөглөж, ертөнцийн бүх горхийг энэ нэгэн горхинд багтаасан мэт сэтгэгдэл төрөхүй ногооны униар татсан Богд ууланд ээвэр наран ойртоно. Анимаа минь хэсэг бусаг чулуудын дунд цомцойн сууж , нялх ногоог их л аяархан илбэх агаад охины минь сормуус шиг сэрвийсэн ногооны үзүүр гялтайна. Дэлхийн бөмбөрцөг дээр айлчлан ирсэн хаврын урьхан салхи хааяахан Анимаагийн минь шанхны үсийг сэрвэлзүүлэн, миний сэтгэлийг бүлээцүүлэн гижигдэнэ. Цагаан даашинзтай Анимаа, ногоон дунд суухуй дэргэд нь бяцхан болжмор нисэн ирж нэгийг шулганан жиргэнэ. Борооны хоёр дусал шиг нүд нь ертөнцийг өөрийнхөөрөө тольдож , түүнд нь Анимаа багтаж буй гэж бодохуй мөнөөх болжмор нялх хүүхдийн алга шиг даль юугаа дэлгэн гэнэт сэрсэн мэт нисэн одвой. Биднээс холгүй хэсэг хүүхэд будаа түүх бор шувуу шиг тонголзон, уснаас өнгийн чулуу цуглуулж, Богд уул нозоорон нойрмоглох 5. Дейл Карнеги Инээмсэглэл Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэрээр авч байгаа хүнийг баяжуулж, баярлуулдаг ба харин өгч байгаа хүнийг ер үгүйрүүлж хоосруулдаггүй. Инээмсэглэл нь хоромхон зуур болж өнгөрөх авч заримдаа насан туршид мартагддаггүй. Инээмсэглэл нь орон гэртээ аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болно, бас үерхэл нөхөрлөлийг ч бэхжүүлнэ. Инээмсэглэл бол ядрахад амралт, гуниглахад гэрэл гэгээ, зовоход эм тан болдог. Инээмсэглэл нь худалдагдахгүй, гуйгдахгүй, зээлэгдэхгүй, бас тэгээд хулгайлагдахгүй. Учир нь тэр өгөөмөр сэтгэлийн дотор байдаг зүйл. Ингээд та хүмүүст таалагдахыг хүсвэл инээмсэглэл хайрлаж бай. 6. Нар хиртэхийн учир Манай дэлхий 24 цагийн дотор өөрийн тэнхлэгээ нэгэн удаа эргэдэг бөгөөд нэг жилд нарыг тойрдог. Дэлхий нь сар гэдэг ганц дагуултай. Сар нь дэлхийг нэг сарын дотор эргэнэ. Нар, Сар, Дэлхий гурвын явдлаар хоорондын байрлал ямагт хувиран өөрчлөгддөгөөс сар дэлхийг тойрч явахдаа нар, дэлхий хоёрын дунд орж, битүүн болно. Сар өөрөө гэрэлгүй хатуу бөмбөлөг тул битүүний үед нарыг хааж, сүүдэр нь дэлхийд тусахад тэр газарт нар хиртэлт болно. Эдгээр нь эрхсийн хоорондын зай хувирдгаас бидэнд үзэгдэх мандал нь бас бага зэрэг өөрчлөгдөнө. Хиртэх үед нарны мандлаас сарных их байвал нар бүтэн хиртэнэ. Хэрэв бага байвал хүрээтэй хиртэнэ. / “Ертөнцийн гайхамшигт сонин” - оос/ 8. Хайрын зурвас Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дөрөв нугалсан дэлбээ цаас нүднээ тусав. Түүнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийв. Тийм хүндтэй юм хадгалах болсон хуучирсан муу цүнх минь их л гологдож байх шиг санагдана. Зүрхний цохилт түргэсэн, хацар улайж, хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчхаад хичээл тарахыг ирээдүй мэт хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч, ганцаар дөлөн явсаар баруун овоон дээр гарч суугаад, уул зурвасыг задаллаа. Дэлбээ цаасны голд “10б –гийн тэнэг. Дахиад ингэвэл багшид хэлнэ” гэжээ.../Ж.Лхагва/ Хавсралт 4: Дараах эхээс 2-ыг сонгон, энгийн өгүүлбэрийг бүтэц, бүрэлдэхүүн, гол ба дэд гишүүдийн оролцоо, утга, аялгын үүднээс дэлгэрэнгүй тодорхойлоорой. 1. “Хяслан” Голдирлынхоо чулууг өөгүй болтол нь хүлхсэн голын уснаа өлөн гэнэн хоёр загас хоол эрэн өдөржин өөд уруугаа сүрэглэн, сүлжилдэв. Өлөн , гэнэн хоёрын аль нь өрсөж үмхэх бол гэж загасчин өнгө хуурамчийг илтгэх “халбагаа” солин солин голын уснаа дэгээгээ цөхрөлтгүй өдөржин шидэв. Хэрсэн загас, хаясан дэгээ хэн хэн нь таарсангүй ... Хяслан гэгч тэр буй за. /Н.Өлзийбат/ 2. “Дөрвөн бэрх” Морь, тэмээ, хонь, үхэр дөрөв алганд минь яагаад багтахгүй байв хэмээн санаандаа шившин дөрвөн шагайг орхихуйяа морь буулгах гэхэд буудаг тэмээ эс бууна. Орхих бүхэнд буудаг хонь хүртэл ороолно. Бөгцгөнд хүсээд буудаггүй ижил буун хясна. Өвөл, хавар, зун, намрыг нэгэн мөчид үзье гэсэн юм шиг орь залуугийн хайр, идэр цагийн бяр, насны буурал ухааныг эдүгээдээ эдэлье хэмээсэн мэт дөрвөн шагай намайг зовооно. /Д.Батбаяр/ 3. “Хонхон дуу” Хорголжин хонх хүүхдийн бойтгонд шулганана. Баривч эсгэж суугаа эх хааш хааш нь дөрвөн хуруу тавьж эсгэнэ. Цас, хонх тахилын будаа хүртэл цангинана. Буян ном сэтгэлд хурахуй мөргөлчид алга хамтатган залбирна. Ширмэн хонх явган хаалганд үглэнэ. Гэрийн эзэгтэй домботой цай цогшуулна. Харанга хүрээн дээгүүр гасална. Гуйлгачны алган дээр нулимс ойчно. Орчлон дээгүүр мөнх бусын хонхон дуу дуурсана. Анир авсан мэргэд харан харан бэх цаасыг нийлүүлнэ. Хонхон дуу үл тасарна. /Д.Батбаяр/ 4. “Хоосон” Машины ардах чиргүүл энд тэнд ойж буун, тар няр, тар няр хийх нь хоосон буйг тод илтгэнэ. Гэвч бодолд нэгийг үлдээн одсоныг доор өгүүлсүгэй. Замын хажуугаар чиргүүлтэй машин өнгөрөв. Үнэхээр ч хийдэггүй мөртлөө амлагч яагаад ч юм хоосныг байнга өгүүлж явдаг шүү дээ гэх санаа нэхэн гарч ирэв. Ер нь хоосон юм гэгч ийм сүржин байдаг ажээ хэмээн бодож явтал, нэг чиргүүлтэй машин зөрөв. Харин чиргүүл нь дааж ядсан тээштэй учир тар няр хийх сүржин чимээ үл сонстон, даруухан өнгөрөв. /Н.Өлзийбат/ 5. “Ховдог хэрээ” Нэг ховдог хэрээ байжээ. Тэр хэрээ өөртөө хэрэгтэй ч байсан, хэрэггүй ч байсан юм бүгдийг хамаг муухай арга хэрэглэн цуглуулах дуртай юмсанжээ. Тэр нэг өдөр хэсүүчилж яваад хэсэг нарсны дунд байгаа өнчин сагсгар нарсны салаа мөчрийн хооронд зассан үүрэнд харцага өндөглөж байхыг харж гэнэ. Харцагыг хоолоо олж идэхээр хэзээ нисэх бол гээд хүлээгээд модны оройд нуугдан суугаад байж, харцага ч нисэн одож гэнэ. Хэрээ ч хоёр өндгийг нь хулгайлж авчраад өөрийнхөө өндөгнүүдтэй хамт дарж орхижээ. Хальсаа цоолж гараад ангаахайнууд нь өссөөр л гэнэ. Дэгдээхий болоод ирэхээрээ хэрээний дэгдээхийнүүд харцаганы хоёр дэгдээхийний мэдэлд оржээ. Сүүл сүүлдээ харцаганы хоёр дэгдээхий хэрээний дэгдээхийнүүдийг хоёр хоёроор нь цувуулан барьчхаж гэнэ. Сүүлдээ бүр давраад хэрээнд өөрт нь халджээ. Хэрээ хамаг хүч хөлсөө гаргаж барьсан тохитой сайхан үүрэндээ байхын нөхцөлгүй болоод амь зулбан өөр газар очиж гэнэ. 6. “Хадат булаг” Хуурай сайрын адагт гурван хайлаас ногоорон хүглийж, түүний хөлд чулуугаар хашиж лайдсан бяцхан худаг газрын нүд болон тормойж байдаг байжээ. Нэгэн удаа эрлийн хүүхэд ирж амны цангаагаа гаргаж сууснаа дүрсгүй зан нь гэнэт хөдлөн, худгийн ёроол руу жижигхэн чулуу унагавал “шол” гэснээ сураггүй болжээ. Том чулуу шидвэл ямар сүртэй дуу гарах бол гэж бодон хашлаганых нь бул чулууг арайхийн өнхрүүлж худагт унагавал “пол” гэсэн бөглүү дуу гарснаас өөр дорвитой ч юм болсонгүй. Удсан ч үгүй худгийн ус ширгэж, хавийн ургамал гандаж, саглагар гурван хайлаас хүртэл хатаж, мөчир нь нүцгэрэн, тэнгэрээс хур гуйн сарвайв. 7. “Үнэр” Нарны илчинд говийн ааглаг шар таананд хүч зузаарсан тэмээн сүргийн уур савсах халуун биенээс шорвог үнэр ханхийх нь нэн өег. Зурвасхан бороо ташуурын сур шиг шавхуурдан өнгөрвөөс тохмон чинээ шар газар таана хөмүүл хэнзлэн, зуны үнэрээр орчноо согтооно. Холын хол сүмбэрлэх хангайн хөх уулсын илдэн тэргүүнд хөдрөгдсөн саарал манан сэрүүн амьсгал илгээнэ. Намрын үнэр говийн хээл, хангайн царманд ийнхүү өөр өөр аж. / Н.Өлзийбат/ 8. “Эргүүлэг” Усны эргүүлэг тогтуухан атлаа хусны унасан навчийг ээрүүлийн түүдэг шиг эргүүлэн байснаа гэнэт живүүлэн уусгав. Навч хөвөн гарч ирэхийг хүлээвч болоогүй юм шиг усан тогтуухан атлаа эргүүлэг нь усаа шөвөгдөн эргэнэ. Хаанаас юм бэ салхи хэдэн навчис шилбүүрдэн эргүүлэгт оруулав. Навчис биестэйгээ уралдах мэт тойрон эргэвч төдөлгүй эргүүлгийн ногоон усанд залгигдан далд оров оо ... Эргүүлгийн эрч хүч өнгөндөө бус гүндээ байдаг юм санжээ. /Н.Өлзийбат/ 9. “Сүүдэр” “Шувууны үүрэн дээр миний хүү сүүдрээ тусгаж болдоггүй юм шүү. Эх нь голдог юм” гэж ижий минь дандаа захидаг сан. Энхрий үрээ голохыг би мэднэ. Хөөрхий тэр нялх амьтныг эх нь голбол агаар тэнгэрт салхи шиг хөөрөх унаган жигүүр хэрхэн ургана. Ээжийн захисан үг хэзээ ч үл мартагдана. Амьтны нялх үр сүүдэр тусахад л хиртэм тийм ариухан аж. Мөн эхийн халуун сэтгэл гэдэг сүүдэр туссан үрээсээ хиртэхээр тийм тунгалаг байдаг байна. Энэ л учир алив нэгэн унаган жигүүрээ ургуулж амжаагүй жигүүртний үр өндөг дээр сүүдрээ тусгачхуузай хэмээн болгоомжилж, эх амьтан доошоо болгоомжтой харж явнам. Энэ л учир алив нэг амьтны сүүдэр дор өртөж, ачит эхийнхээ хайрын тунгалаг сэтгэлийг хиртээчхүүзэй гэж эмээн нялх буурай нь дээшээ харж бас явна. Д.Батбаяр/

Comments

Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax