munhtuya.PhD
2016-03-16
"мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
МОНГОЛ ХЭЛНИЙ “МЭТ, ШИГ, АДИЛ” ХОЛБОХ ҮГСИЙН ӨГҮҮЛБЭРЗҮЙН ҮҮРЭГ, ХЭРЭГЛЭЭ МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч Б.Мөнхтуяа(Ph.D) Abstract From the side of syntax, the subordinating conjunctions “as” and “like” of the Mongolian language are used to form two different parts of a sentence, to connect clauses of a compound sentence, and to compose the both noun and predicate (verb) parts of a sentence. Researchers have studied widely the meaning and roles of “as” and “like” from the side of morphology and syntax, but there are few researches have been explained completely expressing that their analytical instruments which have two roles. It’s necessary to study and clarify the roles and usage characteristics of these analytical instruments first in the interaction of the system to connect a word to a word, or in the interaction of parts of a sentence, and second, in the interaction of the system to connect sentences or at the level of composite sentences. These subordinating conjunctions are often used in different styles, especially in literature style, and play an essential role in a sentence, and configure state and characteristic categories of a text. On the other hand, the analytical instruments “as” and “like” are express the meaning to metaphor and simile interrelation of a noun and a verb, or two nouns. And also it has a role to subordinate both an adjective clause and an adverbial clause in a complex sentence to their main sentences. They play a special role to form an adjunct and attribute. Түлхүүр үг: холбох тогтолцоо, хэлзүйн хэлбэр, утга үүрэг, хэрэглээ соёл Удиртгал: Өгүүлбэрийн бүтэц дэх бүх үг нь утга, үүрэг, бүтэц байраараа тус тусын өвөрмөц онцлогтой. Өгүүлбэр дэх үгсийын нэг хэсэг нь үгийн сан, хэлзүйн утгатай, нэг хэсэг нь зөвхөн хэлзүйн учир холбогдолтой байдаг. энэ шинж дээр нь тулгуурлан бүх үгсийг гол, туслах гэж хоёр ангилдаг. “Гол үгс нь үгсийн сангийн утгатай, хэлзүйн хувиллаар хувилж, өгүүлбэрт бие дааж гишүүн болдог. Туслах үгс нь үгийн сангийн утгагүй, хэлзүйн хувиллаар үл хувилах ба өгүүлбэрт биз дааж гишүүн болдоггүй, зөвхөн үг өгүүлбэрийг холбох, тэдгээрийн утгыг янз бүрийн баймж утгаар чимж дэлгэрүүлэх үүрэгтэй үгс юм.”(Өнөрбаян,1998.х.220) Монгол хэл судлалын уламжлалаас үзэхэд, туслах үгсийг өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг, байр зэргийг нь үндэслэн дагавар үг, сул үг, холбох үг гэх мэтээр ангилж, тодорхойлж иржээ. Энд тусгайлан авч үзэж байгаа “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүрийг “туслах үгсийн аймаг-холбох үгс-захируулан холбох үгс”-т багтаан авч үзэж байна. Орчин цагийн монгол хэлний “мэт, шиг, адил” захируулан холбох үгсийг өгүүлбэрзүйн үүднээс авч үзвэл, нэг талаас, өгүүлбэрзүйн хоёр өөр гишүүнийг хэлбэржүүлэх, нөгөө талаас өгүүлбэрийн нэрийн ба үйлийн бүлгийн аль алиныг бүрдүүлэх, угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийг холбох, зүйрлэн жишсэн утгатай хэлзүйн тодотгол болон чимэг тодотголыг хэлбэржүүлэх, өгүүлэгчийн үнэлэмжийг илэрхийлсэн хэлний нэгжийг хэлбэржүүлэх зэрэг олон үүргээр хэрэглэгдэж байна. Энэхүү судалгааг хийхдээ, нэгдүгээрт “мэт, шиг, адил” гэсэн задлаг хэрэглүүрийн утга, үүрэг, хэрэглээний онцлогийг үгийг үгтэй холбох тогтолцоо буюу өгүүлбэрийн гишүүд хоорондын харьцаанд авч үзэх, хоёругаарт өгүүлбэрийг өгүүлбэртэй холбох тогтолцоо буюу нийлмэл өгүүлбэрийн түвшинд авч үзэх зорилгоор орчин цагийн монгол хэлний урансайхны эхийн найруулгын баримт жишээнд түшиглэн, хэлний тодорхой үзэгдлийн бүтэц тогтолцоог тодорхойлон гаргах арга, харьцуулах ба тооцоолох, бүхэл хэсгийн харьцаа байрлалаас нь хэлний хэрэглүүрийн утга, үүрэг, хэрэглээг тодорхойлох аргуудыг хэрэглэлээ. Сэдвийн судлагдсан байдал: Монгол хэлшинжлэлийн бүтээлүүдээс үзэхэд, “мэт, шиг, адил”гэсэн задлаг хэрэглүүрүүдийг захируулан холбох үгсийн бүрэлдэхүүнд багтаан авч үзэж, утга, үүрэг, хэлзүйн харьцаа холбоо,бүтцийн хувьд янз бүрээр тодорхойлсон байдаг. Тухайлбал, Хэлзүйн харьцааны утгын талаас: Орчин цагийн монгол хэлнээ дагавар үгийн үүрэг гүйцэтгэдэг “мэт, шиг,адил, цуг, чинээ, тул, тулд, төлөө, дээр, доор, уруу, өөд” гэх мэтийн өөр өөр үгийн айд багтдаг бөгөөд тухай тухайн нийлэмж үгэнд тус тус нарийн ялгамжаа бүхий олон янзын утга санаа илтгэдэг элдэв үгс байдаг... (Ш.Лувсанвандан ба бус,1966.х.265) Орчин цагийн монгол хэлэнд үйлт нэр ба бодит нэр “мэт”-ийг хамжуулж холбоо үгийг үүсгэхдээ өөр нэг хүн, юмын зан ааль, хүнд хөнгөн, зузаан нимгэн, урт богино, шинж чанар, овор дүр, үйлдэх хөдлөх зэргийг уг холбоо үгийн бодит нэрийн мөн тиймэрхүү байдлууд ба өөр юмын байдалтай харшуулсан буюу зүйрлэсэн байна. Жишээ нь: хүн мэт ярих, оч мэт гялалзах, гэр мэт байшин, хүн мэт хөшөө, төмөр мэт чулуу, нисэх мэт хурдлах гэх мэт. Үүнээс гадна, жишээ нь: ажил хийдэг мэт ярих, Ленинийг үзсэн мэт хэлэх гэх мэтээр холбоо үгэнд хамжвал зарим газраа баахан итгэмжгүйн санаа болно. Бодит нэр “шиг” гэсэн үгийг хамжуулан холбоо үгийг үүсгэж улмаар бодит нэр, тэмдэг нэр, үйл үг гуравт хамждаг бөгөөд тэхдээ утга санаа нь өмнө дурдсан “мэт”-ийн адил байна. Жишээ нь: мод шиг хатуу, цас шиг цагаан,цус шиг улаан, тал шиг гэр, хонь шиг амьтан, чулуу шиг мод, Дорж шиг ажиллах, орос шиг ярих, хүн шиг дуугарах, гурил шиг нунтаглах, ноос шиг савах, утас шиг нийтгэх гэх мэт. “Мэт” нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржсэн нэр үг, харьяалах, өгөх оршихын тийн ялгалаар хэлбэржсэн төлөөний үгийн дараа хэрэглэгдэж, адилтгасан харьцаа илтгэнэ. Жишээлбэл, Өргөн талын тэр хэсэгт эмээл хазаартай хэдэн мянган морьд хад мэт хантайраастай, хайрцаг мэт тушаастай.(Б.Р), заримдаа үйлт нэрийн дараа орж дээрх утгыг илэрхийлдэг. Цонхигор буриад элэг барих мэт инээвхийлэн, нөгөө гурав нь огт хайхарсан янзгүй өөр хоорондоо шивнэлдэн явна.(С.Э), (Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулал, УБ,1987.х.112) Орчин цагийн монгол хэлний зарим дагавар үг хааяа сул үгийн үүргээр өгүүлбэрт хэрэглэгдсэн байдаг. Жишээ нь: тэр эд хөрөнгийг хаана нуусан бэ? гэж тооллогын дарга чангахан шиг асуув.(Л.Т), За, сайн яваад, түргэн шиг ирээрэй.” гэсэн өгүүлбэрүүдэд “шиг” гэдэг дагавар үг сул үгийн үүргээр хэрэглэгджээ. Учир нь эндээс “шиг” гэдэг үгийг хасчихвал, өгүүлбэрийн утга санаанд ямар ч өөрчлөлт орохгүй бөгөөд зөвхөн найруулгын өнгө илэрхийлжээ. (Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулал, УБ,1987.х.119) “Захируулан холбох үгсийг утгаар нь, а. зорилго шалтгаан заах: тулд төлөө, учир учраас, улмаас, б. тухайлж мэдээлэх: тухай, талаар, в. тоо хэмжээ заах: орчим, гаруй, шахам, удаа, дахин, хавьцаа, эргэм, бүр,бүрийд, тутам, г. жишиж адилтгах: мэт, шиг,адил, чинээ, д. Орон заах:хүртэл ,тушаа, сацуу, зэрэгцээ, ялдам, далимд, хэрд”(Өнөрбаян,2004.Уб.х.186), “Холбоо үг, өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийн хооронд жишин харьцуулсан(байдлын) утга илтгэж, задлаг байдлаар холбоход адил, мэт, шиг,ёс(+оор), дагуу зэрэг үгс голлон, хэрэглэгдэж байна. Жишээ нь: Шүүмжилсэн дутагдал өргөс авах мэт амархан арилдаггүй, амь бөхтэй байдгийг олон баримт харуулж байна. (“Үнэн”,1989,№277), Говийн хүнд бол уул шиг санагдах, хангайн хүнд овоо шиг харагдах энэ бяцхан уулнаас шинэ хуучин хоёр Дархан маань сэтгэл татам тодхон харагдана.(И.Н), Зовсон хүнд уурлах шалтгаан мундахгүй байдгийн адил жаргалтай хүнд инээх учрал захаас аваад бэлхэн байдаг.(Ч.Л) (Пүрэв-Очир,1997,х.74) хэмээснээс үзэхэд, “мэт, шиг,адил” задлаг хэрэглүүр нь “зүйрлэсэн, адилтган жишсэн, жишин харьцуулсан, харшуулан жишсэн бас заримдаа итгэмжгүйн харьцааны утга илтгэдэг гэж үзжээ. Өгүүлбэрзүйн шинжийн талаас: Дагавар үгтэй жинхэнэ нэр, үйлт нэрийг үйл үгэнд холбож адилтган зүйрлэх утгатай дүрийн байцыг илрүүлж болно. Жишээ нь: Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад... (Д.Н), Тасхийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн одон оч мэт гялалзаад, уул нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд алмасын адил гилтгэнэнэ.(Д.Н) Хурдан морь унасан хүүхдүүд миний дэргэдүүр нисэх мэт өнгөрнө. (Лувсанвандан бас бус,1966.х.294) Шууд бус нэрлэлт буюу адилтгалаар бүтсэн холбоо үг нь “чоно шиг муу санаатай, элс шиг үйрмэг чихэр, хүн шиг дүрс бүхий чулуу, азарга шиг хүчтэй ширүүн бороо, ус шиг тунгалаг болор, зуумхай нохой мэт хэцүү хүн, нялх унага мэт уг төрх” гэсэн дэлгэрэнгүй холбоо үг болно.....Харин адилтгаж буй уг үг нь нэрийн зүйлийн өмнө “мөнгөн загас, алтан хараацай, алтан босго” гэх мэтээр хүртээл нэр болж, “мэт, шиг, чинээ” гэх зэрэг хэлзүйн задлаг хэлбэр бүтээх үгсийг орхин, үндсээр хамжин тодотгож болдог бол үйл үгийн өмнө заавал “шиг,мэт,чинээ, адил, ижил” гэх мэт адилтгасан дагавар үгтэй байдаг. Учир нь, нэрийн зүйл нь үндсээрээ үйл үгтэй хамждаггүй”(Базаррагчаа,1989,х.125) Холбоо үг,өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийн хоорондын харьцаанд нэг талаар, жишин харьцуулсан, нөгөө талаар, тодотгогч-тодотгуулагчийн харьцааны утга өгч, задлаг байдлаар холбоход мэт, шиг, адил, чинээ, өөрцгүй, тухай зэрэг туслах үгс идэвхитэй хэрэглэгдэж байна. Жишээ нь: хөмсөг мэт сар, гал адил нүд, шагайн чинээ шар тос, эхийн тухай ном,...Хулгана юм мэрэх мэт чимээ гарснаас Дугаржав цочсон ажээ.(Л.Т), Бодоо,Чагдаржав нарын бүлэг этгээдүүд хувьсгалын эсрэг бослого гаргахаар оролдож байгаад, илэрч шийтгэгдсэн тухай мэдээг анх сонсоод, хирдхийн цочив. (Л.Т), Холбоо үг, өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийн хоорондын харьцаанд шууд ба шууд бус тусах объектын утга, хамтрах утга илтгэж, задлаг байдлаар холбоход тухай, тал(+аар), хувьд, хамт, цуг зэрэг үг хэрэглэгдэж байна. Жишээ нь: Долгорын тухай хэд хэдэн хүнээс асуух гэснээ хатуу хариунаас халшраад, зүрхэлсэнгүй.(Ч.Л).(Пүрэв-Очир,1997,х.75) гэх мэтээр “мэт, шиг, адил, чинээ, тухай “ задлаг хэрэглүүр нь нэрийн ба үйлийн найрагч холбоо үгийг бүтээхэд идэвхитэй хэрэглэгддэг тухайд өгүүлсэн байхын зэрэгцээ өгүүлбэрийн бүрэлдэхүүнд гүйцэтгэх үүргийн талаар дараах байдлаар тодотгон тэмдэглэжээ. Тухайлбал, “Өгүүлбэрийн биеэ даасан гишүүн болж чаддаггүй боловч, их төлөв түүний гишүүдийн хоорондын харьцааг зааж, ямагт туслах утгаар хэрэглэгддэг, огт хувилдаггүй буюу хагас хувилдаг үгсийн аймгийг дагавар үг гэнэ. Жишээ нь: тул, тулд, турш, туршид, мэт, шиг, шахам, шахуу, гаруй, хүртэл, байтугай, үл барам, барахгүй гэх мэт” (Ш.Лувсанвандан ба бус,1966.х.212) Орчин цагийн монгол хэлний дагавар үг өгүүлбэрийн бүрэлдэхүүнд орохдоо, их төлөв нэрийн зүйлийн (нэр үг, тэмдэг нэр, тооны нэр, төлөөний үг, үйлт нэрийн) дараа ордог бөгөөд үйл үг, аялга үг, сул үг, холбоос үгтэй шууд харьцдаггүй нь түүний өгүүлбэрзүйн нэг гол шинж болно. Жишээлбэл, Ижил хоёр шувуу шиг ижилдэн хоёулаа сууя. (Д.Н), Цэрэн вантан заларч явах аяс нь тунч ширүүн, үерийн ус дайрч, өрвөлзөх түймэр дэгдэх мэт.(С.У) Дээрх өгүүлбэрүүдэд “шиг” гэдэг дагавар үг “шувуу” гэсэн нэр үгийн дараа, “мэт” дагавар үг үйлт нэрийн дараа орсон байна. (Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулал, УБ,1987.х.112-113) Орчин цагийн монгол хэлний захируулан холбох үгсийн ихэнх нь гишүүд ба угсарсан нийлмэл өгүүлбэрийг холбох хоёрдмол үүрэгтэй. Ийм учраас эдгээр үгийг гишүүдийг холбох, өгүүлбэрийг холбох гэж ангилах нь харьцангуй зүйл юм. Гэвч, нэг хэсэг нь ихэвчлэн гишүүд холбох үүрэгтэй байна. Тухайлбал, орчим, гаруй, шахам, дахин, удаа, хавьцаа, эргэм, шиг, мэт, адил, чинээ, тушаа, турш, бүр, тухай, талаар, хүртэл зэрэг үгс голдуу өгүүлбэрийн нэг гишүүнийг нөгөөд захируулан холбоно. “Тул, төлөө, учир, (учраас), улмаас, дагуу, сацуу, зэрэгцээ, ялдамд, далимд, хирд” гэсэн үгс нь угсарсан нийлмэл өгүүлбэрийн гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэрт нь захируулан холбох үндсэн үүрэгтэй. (Өнөрбаян, 2004.,Уб.,х.324-325) Түүнчлэн, “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүрийн үүргийг өгүүлбэрийн гишүүдийн хэлзүйн хэлбэртэй холбон авч үзжээ. Тухайлбал, “Тодотгол нь өгүүлбэрийн дотор нэрээр илэрсэн гишүүнтэй харьцахдаа жинхэнэ нэр болон жинхэнэ нэрийн утга үүргээр хэрэглэгдсэн бусад нэрийн зүйл харьяалахын тийн ялгалын ил ба тэг хэлбэрээр хэлбэржиж, мөн жинхэнэ нэр, тооны нэр, төлөөний үг,дайвар үг, цагт нэр зэргийг нөгөө нэр үгэнд нь үндсээр нь хамжуулан эсвэл мэт, шиг,адил ёстой хэрэгтэй, тухай, төлөө гэх мэт дагавар үг (харьцааны нэрээр) найруулан холбож илрүүлнэ.”(Барайшир ба бус,1989,х.43) “Монгол хэлэнд тодотголыг хэлбэржүүлэн холбохдоо “гэ” язгуурт үгээр, тэрчлэн “мэт, шиг, адил” зэрэг задлаг хэлбэрээр найруулж холбож болно. Жишээ нь: хөмсөг мэт сар, чулуу ши г мод, гал адил нүд, шил шиг чулуу..” гэх мэт (Пүрэв-Очир,2001,х.163) “Зарим нэрийн зүйлийг холбох үгээр дамжуулан холбож, адилтгах зүйрлэх утгатай дүрийн байцыг илрүүлнэ. Жишээ нь: Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад, уяан дээрх морь бөн бөн чичирнэ.(Д.Н), Тасхийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн од оч мэт гялалзаад, уул нурууг бүрхсэн цасны хасын өнгө түүний гэрэлд алмазын адил гилтгэнэнэ.(Д.Н) (Пүрэв-Очир,2001,х.163) гэх мэтчилэн өгүүлбэрийн тодотгол, байц гишүүний хэлзүйн гол хэлбэр хэмээн үзжээ. Угсруулан холбох “мэт, шиг, адил” гэсэн задлаг хэрэглүүрүүдийн утга, үүргийг үгзүй, өгүүлбэрзүйн талаас өргөн хүрээнд судалсан боловч “хоёрдмол” үүрэгтэй задлаг хэрэглүүрүүд гэдэг үүднээс цогц байдлаар тайлбарласан нь ховор байна. Эдгээр задлаг хэрэглүүрийн үүрэг, хэрэглээний онцлогийг үгийг үгтэй холбох тогтолцоо буюу өгүүлбэрийн гишүүд хоорондын харьцаанд, хоёругаарт өгүүлбэрийг өгүүлбэртэй холбох тогтолцоо буюу нийлмэл өгүүлбэрийн түвшинд тусгайлан судалж, “хэл-хэлэхүй-мэдэгдэхүүн-мэдэхүүн”-ий талаас үүрэг хэрэглээг тодруулах шаардлагатай юм. Судалгааны үр дүн: А) 1. ...Энэхүү суваргын шавар хана зэрэглээн дунд үлгэрийн орд харш шиг ← харагдах нь гайхамшигтай.(Д.Г) 2. Сэлэнгийн шар намар, замын тоос , ажлын цуурай тэнгэрт хадгалж , ахын авчирч өгсөн хөхүүртэй айраг усанд орж буй адуу шиг← шаагина . ( Ж.Л) 3. ...Уулын ам бүрээс урсах гохинууд нь зовхины үрчлээ даган урсах нулимс мэт ← гүйлгэнэнэ.(С.Э) 4. Нарлаг сайхан талдаа эрвээхий мэт← нисч 5. Лянхау шиг ←дэлгэрсэн миний арван найман нас (Ш.Д) 6. Үдшийн бүрийд Алтан-Овоо, зүүн тийшээ харж хэвтсэн аварга том хар бух лугаа адил ←нэвсийн бараална. (О. Д) 7. Чавганцын заасан зам үнэхээр зураг адил ←тодорхой байв. (Д.Н) 8. Гудамжны хоёр талаар эгнэн ярайсан олон байшингийн гэрэлтэй гэрэлгүй түм түмэн цонх өөд хааяа харж явахдаа, сэтгэлийг нь соронзон адил ←татдаг нэгэн цонхыг битүүхэндээ хайж явжээ.(Н.Б) 9. Энд тэнд хэсэг бусагхан бэлчсэн мал эрт ногоонд цадсаны шинж орж, шувуу нисэхэд дэрхийн үргэх боловч үс ноос нь гуужин хөдлөөгүйгээс үнэгэн хорхой адил← өрвийлдөнө.(М.Г) 10. Мэлмий адил тунгалаг Холбоо хоёр нуур Миний нутгийн талд Ховорхон байдаг эрдэнэ (Ш.Д) (А бүлгийн 1-10)-д авч үзэж байгаа урансайхны эхийн баримтын жишээг ажиглахад, “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүрүүд нь дараах онцлогтой байна. Үүнд: - Хэлний талаасаа өгүүлбэрийн бүтцэд үйлийн холбоо үгийн дагуул бүрдүүлэгчийг цөм үйл үгэнд буюу хэлзүйн байц гишүүнийг өгүүлэхүүн гишүүнд угсруулан найруулж холбох үүрэгтэй. - Мэдэгдэхүүний талаасаа нэр, үйлийн хоорондын адилтган жишсэн (дүр байдал) буюу “шинж-үйл” гэсэн утгын харьцааг илтгэж байна. Б) 1. Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ.(Д.Н) 2. Би гайхан харахдаа нар тэнгэрийн хаяа хоёрын завсар асар том бөмбөлгийн орой шиг зэгэл үүлний мөлгөр сэжүүр цухуйн байхыг олж ажиглалаа. (Ч.Г) 3. Би ёл шувууны хойноос өдөржин шөнөжин хөөцөлдөж, ядарсны улмаас амархан нойрмоглож эхэлсэн бөгөөд “ Маргааш эрт босно” гэж нөхдийнхөө шивнэн хүүрнэлдэхийг аль холын анир чимээ мэт← бүдэг бадаг сонсоод, унтчихсан байв. (Д. Ц) 4. Хүн гэдэг чинь бууны гол шиг← харанхуй амьтан, эрдмээр л сүмбэдэж гэрэл гэгээ оруулж байхгүй бол гадна нь мянган зул асаагаад ч нэмэргүй. (Д.Б) 5. Галсан хар тогоон дороо хэдэн мод шидэж, галаа асаагаад урцнаас шинэхэн цавчсан модон тэвштэй гөрөөсний мах авчрахад мань хэд өнөөх шаваг шиг←хар цайгаа оочин, гурын тарган мах идэцгээв. (С. Э) 6. Соль бол хатсан борц шиг хүүхэн, харин энэ бол түүхий сүүний бяслаг шиг булцайсан цагаан хүүхэн...(Ц.Д) 6.Эхийн сүү мэт мөрөн голоо Урсгаж байдаг монгол орон минь( Ц.У) 7. Надаас авах юм гэж юү байхав. Адайр зан, адсага шиг←хөх царай, хавчиг хар толгой.(Ц.Ч) 8. Чойбалсан урьдын адил гудамжны олон хүн ба эрээн эдийг сонирхож явдаг гэнэн хүү биш, харин олны аж амьдрал ба засгийн явуулгыг шүүмжлэн бодож, сайн замыг эрэгч идэр эр болжээ.(Ц.Д) 9. Сумын бага сургуулийн улаан дээвэрт цагаан байшин, цагаан цоморлигт улаан цэцэг адил← үзэсгэлэнтэй харагдана.(Л.Б) 10. ...Манай нутаг төв дундаа нэг их сайхан нууртай. Тэр бол дээр өгүүлдэг Баянтөхөм, Төхөм тойроод нил хужир. Их хөндийн энгээр нэл таана, баглуур, бударгана, дэрс. Тэр хавьд чоно, нохой ч байхгүй. Тэмээний диваажин л гэж, диваажин шиг← нутаг орон гэж тийм газар байдаг байх. (Д.Ц) (Б бүлгийн 1-10)-д авч үзэж байгаа урансайхны эхийн баримтын жишээг ажиглахад, “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүрүүд нь дараах онцлогтой байна. Үүнд: - Хэлний талаасаа өгүүлбэрийн бүтцэд нэрийн холбоо үгийн дагуул бүрдүүлэгчийг цөм нэр үгэнд буюу хэлзүйн тодотгол гишүүнийг нэр үгээр илэрсэн аль нэг гишүүнд угсруулан найруулж холбох үүрэгтэй. - Мэдэгдэхүүний талаасаа хоёр нэрийн хоорондын адилтган жишсэн “шинж-юм” гэсэн утгын харьцааг илтгэж байна. В) 1. Ерөө гол бургасан шугуйн цаагуур үе үе далд орж, үе үе ил гаран мэлтэлзэх нь [хүний нүд ирмэх мэт]← гялалзаж.... (С.Э) 2. Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр [газраас улам холдсон мэт] ...← цэлийн, салхи сэрүүхэн үлээх болов.(С.Э) 3. [Дархан хүн ган төмрийг Давтан давтан уярааж байдаг шиг] Ачит хөдөлгөгчид эрч хүчээрээ Ариун тойргуудыг эргүүлж байдаг. (А.Д) 4. Эртний домогт буурал талд Эргэн тойрон чимээ алдаж [Оддын дунд ижлээ үзсэн юм шиг] Шөнийн талд адуу янцгаана. (Д.Н) 5. [Аргалын илчтэйг малын соргог бэлчээрээс эрж олдогтой адилхан] өөрийнхөө аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олох ёстой.(Д.Б) 6. Нааш цааш хөлхөн сүлжих энэ наадамчдыг алсхнаас харвал [ талын түмэн өнгийн цэцэг аясын салхинд найгах адил] алаглан ярайна.(Н.Б) 7. Уяа тойрон гийнгоолох хүүхдүүдийн дуу чихэнд төдийгүй зүрхэнд хадаад, Хэрлэнгийн энэ хөндийд ялгуун сайхан мориор давхиж нэг үзвэл [ нас залуужих мэт] ←санагдав. (С.Э) 8. Хоёр бүсгүйн өмнө зүлгэн дээр тарьсан алаг цэцгүүд зөөлөн салхинд найгаж, [Цээмаа Бумаа хоёрт баяр хүргэх мэт] дохилзож байна. (Ц.Д) 9. Тэр хөөрөгт хөгжмөө алдлан сунгаж, [бороо зүсрэх мэт, од түгэх мэт, хонь хотлох мэт] намуун дөлгөөн аялгуунаас эхлээд тэнгэрийн цахилгаан, сэлэмний цавчилдаан, орсон буурын хүрхрээ шиг сүрлэг догшныг ч илтгэн хөгжимдөх нь тэр жаахан модон тавцан дээр бүү хэл гурван Хөвсгөлийн хар толгод дунд ганцаараа мэт ажээ.(Ж.Л) 10. [Хулгана юм мэрэх мэт] чимээ гарснаас Дугаржав цочсон ажээ.() 11. Нарангаравуу зүрхнийхээ цохилохыг чагнаархан хэвтэж байтал, [асар дээр борооны ганц хоёр дусал унах шиг] чимээ гарав.() 12. Их үдийн халуунд ойд явахад ийм бодол сэтгэлд ургаж, зүрх баясгана. Би ч гэсэн уруулаа шилэмдэж, цэцэг шиг агаар хөхөн алхнам. [Ойд явах шиг] жаргал үгүй билээ.(Н.Ө) (В бүлгийн 1-Cool-д авч үзэж байгаа урансайхны эхийн баримтын жишээнд “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүрүүд нь угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн дэх дүр байдлын утга бүхий байц гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэрийн үйл үгээр илэрсэн өгүүлэхүүнд захируулан холбох үүргээр орсон байна. - (В бүлгийн 9-12)-т авч үзэж байгаа урансайхны эхийн баримтын жишээнд “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүрүүд нь угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн дэх адилтган жишсэн утга бүхий тодотгол гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэрийн нэр үгээр илэрсэн аль нэг гишүүнд захируулан холбох үүргээр орсон байна. - Хэлний талаасаа нийлмэл өгүүлбэрийн бүтцэд гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэртэй нь угсруулан найруулж холбох үүрэгтэй. - Мэдэгдэхүүний талаасаа гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэрийн нэр үгээр илэрсэн гишүүнд захируулж, “шинж-юм” гэсэн утгын харьцааг, эсвэл гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэрийн үйл үгээр илэрсэн өгүүлэхүүнд захируулж “шинж-үйл” гэсэн утгын харьцааг илтгэнэ. Г) 1. Туулайн гүйдэл шиг салхинд Туулын шугуй найгана. Уулын согоо шиг хүүхэнд Хайрын сэтгэл дасна. (Б.Я) 2. Арвидах шинийн сар шиг Дэлгэрэх хаврын цэцэг шиг Өдөр бүр өсөж байгаа Цаг бүр чадалжиж яваа Эрхэм янаг дүүдээ Захих захиа, хэлэх үг Заах сургаал бэлэглэх ерөөл минь (Ц.Д) 3. Энэрэгч өршөөгч эцэг тэнгэр адил Ачит багшийн сургасан тэр, сая санаанд оров. (Д.Р) 4. Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад, уяан дээрх морь бөн бөн чичирнэ.(Д.Н), 5. [Үлгэрээс үлгэр амилсан юм шиг] Үнэн нандин монгол охин(О.Д) 6. [ Өвгөд шиг ханхайсан] Уулсын чинь үрчгэр бэлийг Ноолж өслөө, эх орон минь...(Б.Л) 7. ...Хүрэн жинст уул минь ёстой л, эр хүн шиг уул юм даа. Танд омгорхол, ихэрхэл, нулимст цэцэн уярал, инээмсэглэл бүгд байнам. (Д.Н) 8. Цагийн улирал зуны дундад хүрч, тунгалаг наран өндөр мандаад, түмэн бодисын хөгжин дэлгэрэхийг баясан толилуулахуйяа байгалийн доторхи бодис бүр биечлэн цогцолж, мод навчлан, цэцэг жигдэрч, уул хөхрөн, тал ногоорч, гол угалзлан, горхи сүлжилдэж, булаг оргилон, нуур мэлтэгнэж, бургас намилзан, монос найгаж, үнэхээр хөгжимгүй атал эгшиглэх адил, хүнгүй атал дуулах мэт өөртөө яруугаар дуурсах бөгөөд ойд нуугдагч хөхөө донгодон, буга урамдаж, зүг бүрээс ирсэн зүйл бүрийн шувууд агаарт халин нисч, нууранд хөвөн умбаж, модыг хэсэн, мөчрийг дамжин догодон, бүжиглэж наадна.(Д.М) 9. Хаврын тэнгэр шиг хорвоо аж. Долгион хар цагаан дуугүй бүхээг налан суусан харагдана. Сумын наадамд үзүүрлэв гэх омог алга болжээ.(Д.Т) 10. Хөдөөлсөн бух шиг муйхар хар юм (Чулуун) наас чимээ өгчихдөг золбин нохой айлд арай илүү тустай гэж бодно.(Ц.Ч) 11. Зовлон жаргал хоёроо ялгахаа байчихсан Дээлийн өнгөч нохой мэт ноёдыг үзэж унаж тусах (Д.Р) 12. Тугалган жад шиг хулчгар эр юм даа чи гэж өөрийгөө зэмлэж явлаа. 13. Над шиг ийм тураалдаа хүрсэн адуу шиг эр ч дээ, ихсийн хүрээлдэн дотор орж яваад сэтгэл зоригийн тэнхээгүй болохоороо хэнд ч хэрэггүй үйлийг бүтээж чадахгүй бололтой.(Ж.Л) 14. Хатсан үдээр мэт Хорчгор бор өвгөнийг Харангуут л Элэг барьж болох мэт. (Ч.П) (Гбүлгийн 1-14)-т авч үзэж байгаа урансайхны эхийн баримтын жишээг ажиглахад, “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүр бүхий хэлзүйн тодотгол, нөгөө талаас зүйрлэн жишсэн ур маяг бүхий чимэг тодотгол нь тухайн найруулгад өгүүлэгчийн эерэг ба сөрөг үнэлэмжийг илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. (1-7) дугаар жишээнд өгүүлэгчийн эерэг үнэлэмжийн бахархан дээдэлсэн, хүндэтгэн биширсэн өнгө аяс, (8-14) дүгээр жишээнд өгүүллэгчийн сөрөг үнэлэмжийн чамлан голсон, эгдүүцэж дургүйцсэн өнгө аяс илэрчээ. “Мэт, шиг: адил” задлаг хэрэглүүрүүд нь хэлний тогтолцооны талаасаа үг, өгүүлбэрийг холбож, мэдэгдэхүүний талаасаа “ шинж-юм”, “шинж-үйл” гэсэн утгын харьцааг илтгэдэг бөгөөд танин мэдэхүйн талаасаа нэг юмыг нөгөөтэй авцалдуулан холбож, жишин харьцуулах “хэрэглүүр” болж байдаг гэж үзэж болно. Харин, юуг юугтай харьцуулан жиших нь тухайн зохиогч, өгүүлэгчийн найруулгын асуудал бөгөөд “ямар нэг юм олон талтай байж, түүнийг аль талаас нь авч үзсэнээс шалтгаалан эерэг, сөрөг үнэлэмжтэй болдог нь танин мэдэхүйн зүй тогтолт үзэгдэл юм.”(Баянсан,2002.х.2Cool (Гбүлгийн 1-14)-т авч үзэж байгаа урансайхны эхийн баримтын жишээг хэлний шаталсан тогтолцоот нэгжийн талаас ажиглавал, “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүр нь үг(11-д), холбоо үг(1,2,3,4,7,9,10,11,12,13,14-д), өгүүлбэр(5,6-д), цогцолборын(8-д) түвшинд харьцуулан жиших утгын харьцааг илтгэж байна гэж үзэж болохоор байна. Д) “Мэт,шиг, адил” задлаг хэрэглүүр буюу захируулан холбох үгс нь нэр, үйлийн эсвэл хоёр нэрийн хоорондын зүйрлэн жишсэн шинж-юм, шинж үйл гэсэн харьцааны утгыг илтгэх бөгөөд энэ нь өгүүлбэрийн гишүүний талаасаа нэрийн тодотгол, үйлийн тодотгол(байц) болно. Харин, уран найруулгын дүрслэх ур маягийн талаас авч үзвэл, зүйрлэлт чимэг тодотгол юм. Тухайлбал, ...Арван зүгийн Гэсэр хаан арслан мэт гучин баатраа эдгээж аваад, ахуй бүгдээ төгсгөж, амгалан жарган суусан...(Гэсэр). ... Түүний тэгш цагаан шүд нь шинэхэн цасан дээр гэрэл туссан юм шиг харагдана. Эрээн мяраан хувцас өмссөн ганган Цээмаагийн дэргэд, төв энгийн хувцастай, цэвэрхэн бор хүүхэн Бумаагийн сууж байгаа нь тогос шувууны дэргэд хээрийн галуу сууж байгаа юм шиг харагдана.(Ц.Д) Эхний өгүүлбэрийн “арслан мэт ←баатар” гэсэн тодотгогч -тодотгуулагчийн харьцаан дахь зүйрлэн жишсэн утгатай дагуул бүрдүүлэгч, хэлзүйн тодотгол гишүүн нь “мэт” холбох үгээр хэлбэржсэн, дүрлэх ур маягийн талаас бол зүйрлэлт чимэг тодотголын үүрэгтэй, дараагийн өгүүлбэрүүд дэх “шинэхэн цасан дээр гэрэл туссан юм шиг”, “тогос шувууны дэргэд хээрийн галуу сууж байгаа юм шиг” гэсэн дүр байдлын утгатай байц гишүүн өгүүлбэрүүд нь “шиг” холбох үгсээр хэлбэржсэн ба дүрслэх ур маягийн талаасаа “харагдах” үйлийг чимэглэн тодотгох үүрэгтэй байна. “Хоёрдмол” үүрэг бүхий эдгээр задлаг хэрэглүүрийн утга, үүрэг, хэрэглээний өвөрмөц онцлогийг хэл-хэлэхүй-мэдэгдэхүүн-мэдэхүүн”, “хэлний гадаад ба дотоод тал, хөдлөнгө ба зогсонги” талаас нэгтгэн харвал, Загвар1 )) ДҮГНЭЛТ 1. Орчин цагийн монгол хэлний “мэт, шиг, адил” холбох үгс нь үгийг үгтэй, өгүүлбэрийг өгүүлбэртэй холбох тогтолцооны аль алинд угсруулан найруулж, захируулах харьцааг илтгэдэг задлаг хэрэглүүр юм. 2. Хэлний шаталсан тогтолцоот нэгжийн талаас ажиглавал, “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүр нь үг, холбоо үг,өгүүлбэр, цогцолборын түвшинд харьцуулан жиших утгын харьцааг илтгэж байна гэж үзэж болохоор байна. 3. Орчин цагийн монгол хэлний “мэт, шиг, адил” задлаг хэрэглүүр нь хоёрдмол үүрэгтэй.Үүнд: А. Эдгээр задлаг хэрэглүүр нь нэр, үйлийн эсвэл хоёр нэрийн хоорондын зүйрлэн жишсэн харьцааны утгыг илтгэдэг. Б. Холбох тогтолцооны доод түвшинд харьцуулан жишсэн утгатай тодотгол гишүүнийг нэр үгээр илэрсэн аль гишүүнд эсвэл дүр байдлын утгатай байц гишүүнийг үйл үгээр илэрсэн өгүүлэхүүн гишүүнд найруулан захируулж холбох үүрэгтэй. В. Холбох тогтолцооны дээд түвшинд угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтэц дэх харьцуулан жишсэн утгатай тодотгол гишүүн өгүүлбэрийг, эсвэл дүр байдлын утгатай байц гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэрт нь найруулан захируулж холбох үүрэгтэй. Г. Хэлзүйн тодотгол гишүүн ба дүрслэлт чимэг тодотголын аль алиныг нь хэлбэржүүлдэг. 4. “Мэт, шиг, адил” задлаг хэрэглүүр бүхий хэлзүйн тодотгол, нөгөө талаас зүйрлэн жишсэн ур маяг бүхий чимэг тодотгол нь тухайн найруулгад өгүүлэгчийн эерэг ба сөрөг үнэлэмжийг илэрхийлэх онцлогтой байна. 5. Хоёрдмол үүрэг бүхий эдгээр угсруулан холбох үгс нь төрөл бүрийн найруулгад, ялангуяа урансайхны эхийн найруулгад давтамж ихтэй бөгөөд тухайн өгүүлбэр, эхийн байдал шинжийн айг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж болно. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Базаррагчаа, М. (1987). Монгол хэлний өгүүлбэр,Улаанбаатар. Базаррагчаа, М. (1993).Орчин цагийн монгол хэлний энгийн өгүүлбэр.Улаанбаатар. Барайшир, Ш. (ред.) (1989).Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй.Улаанбаатар. Баянсан Ж,(2002).Соёл, хэл, үндэсний сэтгэлгээ.Улаанбаатар. Бертагаев, Т А. (1964).Синтаксис современного монгольского языка в сравнительном освещении.Простое предложение. Москва. Лувсанвандан, Ш.(ред.)(1966).Орчин цагийн монгол хэлзүй.Улаанбаатар. ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн. Лувсанвандан, Ш.(1968).Орчин цагийн монгол хэлний бүтэц. (Монгол хэлний үг нөхцөл хоёр нь) Улаанбаатар. Мишиг, Л. (1957).Монгол хэлний холбоо үгийн зүйл.Улаанбаатар. МУБИС, Монгол хэл шинжлэлийн тэнхим. (2001.№2).Монгол хэл шинжлэл.Улаанбаатар. МУБИС,(2015).Лавай сэтгүүл. №13.Улаанбаатар.хэвлэх цех EDU press. Өнөрбаян, Ц. (2004). Орчин цагийн монгол хэлний үгзүй.Улаанбаатар. Пүрэв-Очир, Б.(1997).Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй.Улаанбаатар. хэвлэлийн “Сүхбаатар” Компани Пүрэв-Очир, Б.(2001).Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй 1.Улаанбаатар. Шинжлэх ухааны академи, (1966). Орчин цагийн монгол хэлний зүй,Улаанбаатар.

Comments

2016-04-24 - Монгол хэлний хэлц үйл үгийн тухай

Бичсэн: Nayamgerel

таны блог дээрх мэт, шиг болон дүрслэх ур маягийн тухай нийтлэл маш их хэрэгтэй мэдээлэл байлаа. эдгээрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хайгаад олж чадахгүй байсан юм.

. Шууд холбоос


2016-04-24 - Монгол хэлний хэлц үйл үгийн тухай

Бичсэн: Nayamgerel

Сайн байна уу багш аа! Улан- Удэ рүү хамт явсан Нямгэрэл байна. энэ жил УБ-т сурч байгаа. таньтай холбогдохыг үнэхээр их хүсч байлаа. учир нь өнгөрсөн жил та миний хийсэн "АХ хэлц үйл үг" хэмээх сэдэвт ангийн ажилд хэд хэдэн санал, шүүмж өгч байсан. Энэ жил дипломын ажилаа Англи Монгол хэлний хэлц үйл үгийг харьцуулан судлаж байгаа. Та надад Монгол хэлний хэлц үйл үгийн ерөнхий чиглүүлэгийг гаргаад өгөөч! боломжтой бол миний цахим шууданруу илгээнэ үү!
Баярлалаа,
Нямгэрэл - с

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. "мэт, шиг" задалг хэрэглүүрийн өгүүлбэрзүйн үүрэг
. өгүүлбэр судлал 2 хичээлийн бие даалт явцын шалгалтын тухай
. өгүүлбэр зүй онол хичээлийн бие даалт ба явцын шалгалтын тухай
. өгүүлбэр судлал1 бие даалт
. цогцолборын утга
. дипломын ажил, ангийн ажлын журам (хуучнаар)
. явын шалгалтын тест
. Өгүүлбэр судлал 2: явцын шалгалтын хугацаа ба агуулга
. өгүүлбэр судлал 2 (бие даалт)
. дүрслэх ур маягийг танихуйн хэлшинжлэлийн үүднээс авч үзвэл
. unelemj
. танихуй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax